Л.Норжмаа:Долоо хоног бүр ангидаа “Монгол бичгийн уншилтын уралдаан” зохиодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-06 13:58:45

Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр сургуулийн Л.Норжмоо багштай 8в анги нь 34 сурагчтай. Эднийх “Хүмүүн бичиг” сониноо сүүлийн хоёр жил дараалан захиалан уншиж байга бөгөөд өнгөрсөн улиралд 34-үүлээ сониноо захиалж уншжээ.

Ангийн багш Л.Норжмаа:-“Би энэ ангийг дааж аваад гурван жил болж байна. Манай анги зургадугаар ангиасаа эхлэн Монгол бичиг үзэж эхэлсэн бол “Хүмүүн бичиг” сониноо ангиараа сүүлийн хоёр жил дараалан захиалж байгаа. Яг монгол бичгийн чиглэлээр манай сургуульд төрөл бүрийн ажлууд зохиогддог. Тухайлбал аймагтаа анх удаа хандивын сангаар “Монгол бичгийн гэгээрлийн танхим” байгуулсан. Үүнийг н.Золжаргал багш удирдаж явуулдаг. Мөн аймагт зохион байгуулагддаг “Алтан үсгийн баяр”-т манай сургууль жил бүр амжилттай оролцдог. Жишээ нь манай сургуулийн 12а ангийн сурагч Б.Алтантуяа гурван жил дараалан медаль авсан. Манай ангийн сурагчдаас энэ жилээс эхэлж “Алтан үсгийн баяр”-т оролцож сурагч Э.Болортуул аймагтаа амжилттай оролцсон бол нийлмэл олимпиадаас алтан медаль хүртсэн. Одоо энэ сарын 11-нд аймгийн хэмжээнд явагдах “Монгол бичгийн уншлагын уралдаан” болно. Энэ уралдаанд бүлэг тус бүрээс гурван сурагч оролцоод тэндээс шалгарсан нэг сурагч улсын уралдаанд оролцох юм. Энэ уралдаанд манай ангиас сурагч н.Болортуул, н.Хүслэн хоёр оролцохоор бэлтгэж байна. Манай ангийнхан чинь долоо хоног бүр ангидаа “Монгол бичгийн уншилтын уралдаан” явуулдаг. Үүнийг сургуульдаа бас явуулж голдуу уншилтын хурдаар нь шалгаруулдаг. Сүүлийн үед бид зөв, шударга унших зарчмыг баримталдаг болсон л доо. “Гэгээрлийн танхим”-даа бид “Уран бичлэгийн дугуйлан”-гаа хичээллүүлдэг сурагчид их идэвхтэй оролцдог нийтдээ 20 гаруй сурагч хичээллэдгээс манай ангийн н.Хүслэн суралцаж байгаа” гэв.

Эдний ангийнхан саяхан “Хүмүүн бичиг” сониныг сургуулиараа захиалъя” уриалга гаргаж уг уриалгыг нь ирэх намраас хэрэгжүүлэхээр болжээ.

Сурагч Э.Болортуул:-“Бид ангираа “Хүмүүн бичиг” сониноо захиалж унших дуртай. Төрөл бүрийн мэдээлэл гардаг болохоор их сонирхолтой байдаг. Хүүхдүүд биднийг “Хүмүүн бичиг” сониноо саадгүй уншиж байгааг хараад “Ямар мундаг юм бэ?” гэж ярихыг нь сонсоод урам ордог. Монгол бичгээр гардаг “Хүмүүн бичиг” сонин маань маш гайхалтай сонин юм шүү дээ” гэсэн бол сурагч Г.Хонгорзул:-“Хүмүүн бичиг” сонин маань маш олон давуу талтай. Жишээ нь янз бүрийн баяр наадмын тухай мэдээлэл, улс орнуудын нэрд гарсан од болсон хүмүүсийн талаар гардаг нь сонирхолтой байдаг. Тэгээд янз бүрийн үг, үгийн утгыг мэдэж авдаг. Манай анги даасан багш Л.Норжмаа Монгол хэл-Уран зохиолын багш болохоор Монгол бичгээ сурахад ч “Хүмүүн бичиг” сониноо захиалж уншиж уралдаан, олимпиадад оролцоход ч байнга тусалдаг болохоор сайхан байдаг” гэлээ.

Тус ангийнхан хоёрдугаар улирлын захиалгаар ангиараа захиалахад зарим нэг хүүхэд захиалж амжаагүй байгааг нэмэлтээр захиалахын зэрэгцээ бусад ангиудын хүүхдлүүдийг захиалуулна гэж ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ