“Facebook” шинэ технологи нэвтрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-06 16:01:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” нийгмийн сүлжээ нь харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулж, сүлжээнд тавьсан гэрэл зургийг таних боломж олгох шинэ технологи нэвтрүүлсэн тухай уг сүлжээг үндэслэгч Марк Цукерберг мэдээлсэн байна.

“Харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд “Facebook” сүлжээнд тавьсан зургууд дээрх дүрсийг танихад нь туслахын тулд хиймэл оюун ухааны шинэ технологийг бид дөнгөж нэвтрүүлээд байна” гэж Цукерберг хэлжээ. “Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүс интернэтийн сүлжээнд орохдоо текстийн үгсийг дуу хоолойгоор уншдаг программ ашигладаг. Гэвч энэ программ нь одоог хүртэл гэрэл зураг дээрх дүрсийг “дүрсэлж дамжуулах” чадахгүй байсныг” тэрбээр дурдсан байна. Харин одоо хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар гэрэл зургийг үгээр дүрслэн илэрхийлэх боломжтой боллоо гэж Цукерберг хэлжээ.

Цукербергийн танилцуулсан программ нь мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудын талаарх мэдээллийг таньдаг бөгөөд сүлжээнд хэдэн удаа тавигдсан, хэн гэгч хүн гэрэл зургийг авсныг, зурган дээр чухам юу харагдаж байгааг, мөн хэдэн “лайк” авсныг, хэчнээн хүн сэтгэгдэл тайлбар үлдээснийг, хэрэглэгчид бусдад түгээсэн тухай хэлж өгөх аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ