“Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилтад оролцох нисэх хүчнийхэн Дорнод аймагт буулаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 16:18:29

Дорнод /МОНЦАМЭ/ Орос, Монголын хамтарсан “Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилт энэ сарын 15-нд Дорнод аймагт нээлтээ хийсэн. Тэгвэл энэ сарын 20-нд Оросын нисэх хүчний бүлэг Ми-24, Ми-8АМТ нисдэг тэргээр Өвөрбайгалийн нисэх хүчний агаарын баазаас хөөрч, Монголын Зэвсэгт хүчний "Дорнод” буудалд газардлаа.

“Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилтыг 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа төдийгүй энэ удаад Оросын Буриад, Хиагт хотын мотобуудлагын нэгтгэлийн 1000 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Монголын тал зэр зэвсэг хадгалах агуулах, агаарын техникийн талбай, хамгаалалт, ерөнхий зориулалтын нислэг үйлдэх газрын тоног төхөөрөмжөөр хангаж байгаа аж.

Ми-24 нисдэг тэргүүд С-8 удирдлагагүй пуужин ашиглан сургалтын идэвхтэй үед галаар дэмжих бол Ми-8АМТШ нисдэг тэргүүд нь сургуулилтын үеэр "шархадсан” хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, "эмнэлгийн тусламж үзүүлэх аюулгүй бүс рүү хүргэх” юм байна. Мөн нисэх бүлгийнхэн хамтарсан бэлтгэлийн үеэр байлдааны буудлага хийж, хил орчмын хүн ам суурьшсан газруудыг хамгаалах үед бүслэлт хийн хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах ажиллагаа хийх аж.

Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2019” сургуулилт энэ сарын 27-нд дуусна.

Холбоотой мэдээ