Канадын аялагчид Алтай Таван богдын Хүйтний оргилд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-21 15:54:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын аялагч аав, хүү Коби Кларк, Жейми Кларк нар саяхан манай улсын Алтай Таван богдын ноён оргилуудын нэг Хүйтний оргилд авираад иржээ. Ноён Коби Кларк, “Аялал бол амралт биш, энэ бол нэг төрлийн хобби маягийн ажил юм” хэмээн тодотгож байлаа. Манай орноор аялах явцдаа Монгол орны тухай баримтат кино хийж буй түүнтэй уулзаж ярилцав.


-Монголд ирэхэд таныг юу татаж хөтлөв?

Эцэг Коби Кларк: -Би аялахдаа адал явдлын буюу эрсдэл хүлээхээр, тийм аяллыг сонирхдог. Сая танай Хүйтний оргилд гарахад ч тэр, би өөрийнхөө хийж чадах нэг зүйлийг давсан. Үүндээ сэтгэл ханамжтай байна. Яг л энэ мэдрэмжээр Монголд ирэхийг зорьсон юм. Их олон жил хүссэн. Хүүтэйгээ хамт ирэхээр хүлээж байсан юм. Ингээд л хамт ирлээ. Хүү маань ахлах сургуулиа саяхан дүүргэсэн, 18 настай, миний хажууд сууж байна. Би өөрөө 51-тэй, мөрөөдлөө биелүүлж яваа хүн байна (инээв). Монголыг сонгосны хувьд гэвэл, маш өргөн уудам нутагтай, нүүдлийн соёл ахуй, зан заншил хэрхэн сүлэлдэн оршиж буйг мэдэх гэсэн хүсэл сонирхол намайг хөтөлсөн. Ирээд харсан чинь бас их нээлттэй орон юм байна гэдгийг мэдэрлээ.


Жеймс Кларк: Монголыг анх их хол мэт төсөөлж байсан ч надад их ойр санагдлаа

 

-Би та хоёрыг мотоциклоор манай улсыг дамжин өнгөрч яваа аялагчид гэж бодсон нь ташаа байжээ?

Хүү Жеймс Кларк: -Бид анх уулын дугуйгаар ирж аялна гэж төлөвлөж байсан. Тэгээд мотоцикл сонгож, мөн ууланд авирсан маань эрсдэлтэй аялалд таарсан, хослуулсан аялал боллоо. Энд төрсөн сэтгэгдэл гэвэл, Монгол оронд ирэхээсээ өмнө бодож байсан харьцуулалтаас маань илүү хөгжсөн орон санагдлаа. Аялах замд олон суурин тааралдах бүрт би үүнийг мэдэрч байв. Надад анх Монгол их хол мэт төсөөлөгдөж байсан. Гэтэл тийм биш, их ойр байсан.

Эцэг Коби Кларк: -Миний хувьд өмнө нь аялж байсан Өмнөд Америк болон Ойрхи дорнодын орнуудтай харьцуулахад нүүдлийн ахуйгаа авч үлдсэн монголчуудын хувьд энэ хөгжлийн эрин үед амьдрал нь тогтсон, сайхан санагдсан. Энэ бүхнийг тусгасан кино хийж байгаадаа их баяртай байгаа. Тиймээс миний энэ аялал амралт биш, ажил минь болж байгаа.

К.Кларк: Монголд ирэх нь зүгээр нэг аялахаас илүү утга учиртай байх болно гэдгийг олон хүнд

ойлгуулахыг зорьж байна


 -Киноныхоо тухай товч танилцуулаач...?

Эцэг Коби Кларк: -Монголд гадны зөндөөн олон аялагч ирдэг байх. Гэхдээ би гол нь Монголын энэ сайхан онгон байгаль, өвөрмөц соёл ахуйг өөр олон хүн над шиг мэдрээсэй, хамгийн гол нь Монголд ирээсэй хэмээн уриалах үүднээс энэ киног хийж байна. Товчхондоо Монголд ирэх нь зүгээр нэг аялахаас илүү утга учиртай байх болно гэдгийг олон хүнд ойлгуулахыг зорьсон юм. Одоо Канадад буцаж очоод авсан зургуудаа эвлүүлэх, кино продакшнуудад танилцуулж үзүүлэх гээд олон ажил өрнөнө. Мөн BBC, CBC зэрэг сувгуудтай хамтран ажиллах талаар ярилцаж тохирох, киногоо сурталчлах гээд олон ажил хүлээж байна.


-Канадад манай орны талаарх мэдээлэл хэр байдаг вэ?

-Мэдээлэл гэвэл мэдээж эхлээд интернэтээс авна. Гэхдээ миний үзсэн зүйл ихэвчлэн монгол хэлээр байсан учир яг хэрэгтэй мэдээллээ авахад жаахан төвөгтэй, боломжгүй байсан. Ер нь бол тухайн улс оронд өөрийн биеэр очиж үзэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл гэж юу байх вэ. Тэгээд ч их мэдээлэл авах нь илүүц, аялагч өөртөө жаахан ч атугай гэнэтийн зүйл (сюрприз) үлдээж байх хэрэгтэй гэж би боддог. Нэг ёсондоо хэтэрхий их мэдээлэл хэрэггүй (инээв).

Ноён Коби Кларк аялагч, аялал зохион байгуулагчаас гадна зохиолч, нийгмийн олон салбарт зөвлөх үйлчилгээ эрхэлдэг, нийгмийн идэвхтэй гишүүн хэмээн өөрийгөө танилцуулсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ