“Армийн тоглолт-2019”-д оролцсон багийг хүндэтгэн хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-08-24 16:44:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргаж, сургалт бэлтгэл, ур чадвараар манлайлан “Армийн тоглолт-2019”-д амжилттай оролцсон баг тамирчид, ажиглагч нарыг өнөөдөр /2019.08.24/ ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилт дүүрэн оролцсон бөгөөд энэ жил оролцогчдоос зохион байгуулагч орны статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулсан юм. Мөн ОХУ-д зохион байгуулсан “Танкийн биатлон”, “Инженерийн томьёолол”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцсон байна. Казахстан улсад зохион явуулсан “Артиллерийн галын мастер”, БНХАУ-д болсон “Цэлмэг тэнгэр”, “Галын мастер” тэмцээнүүдэд манай цэргийн албан хаагчид ажиглагчаар оролцсон юм.


Энэ хүндэтгэлийн уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар ур чадвар, идэвх зүтгэлээ үнэлүүлж шагнуулсан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ