Нохой тэжээдэг хүмүүс таргалалтад бага өртдөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 14:40:03

ЛОНДОН. /The Daily Telegraph/. Эрдэмтэд судалгаа явуулсны дүнд нохой тэжээдэг хүмүүсийн цусны даралт арай бага байдаг бөгөөд таргалалтад өртөх нь бага байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Туршилтад 1700 хүн оролцсоноос 42 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай байжээ. Судалгаанд зүрх судасны үйл ажиллагаа нь хэвийн хүмүүс оролцсон байна. АНУ-ын Мэйо эмнэлгийн мэргэжилтнүүд Италийн Катанийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран оролцогчдын биеийн жин, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлын түвшин, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг хэмжсэн байна. Түүнээс гадна мэргэжилтнүүд оролцогчдын хорт зуршлуудыг анхааралдаа авжээ.


Нохой тэжээдэг хүмүүсийн эрүүл мэндийн байдал бусдаас илүү сайн байсныг туршилтын дүн харуулжээ. Нохой тэжээдэг хүмүүсийн 29-хэн хувь нь таргалалтад өртсөн байхад, гэрийн тэжээвэр амьтангүй хүмүүсийн 37 хувь нь илүүдэл жинтэй байжээ. Түүнчлэн нохой тэжээдэг  хүмүүсийн зүрх судасны тогтолцоо илүү сайн байжээ.


“Ерөнхийдөө гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлын түвшин илүү байсан бөгөөд зөв хооллолттой байсан. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээ хамгийн зохистой түвшинд байсан” хэмээн Катанийн их сургуулийн профессор Андреа Маужери цохон тэмдэглэжээ.


Нохойтой байх нь мөн сэтгэл санааны байдал сайжрах, нийгмээс  тусгаарлагдах мэдрэмжийг бууруулдаг болохыг Мэйо эмнэлгийн профессор Франсиско Лопес-Хименес онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ