ОХУ, Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-27 12:15:00

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Тайип Режеп Эрдоган нар мягмар гарагт Москва орчмын Жуковский хотод нээгдэх олон улсын агаар-сансрын техникийн үзэсгэлэнд зочилж, хоёр талын хэлэлцээ хийнэ.


“Наймдугаар сарын 27-нд ОХУ-д нэг өдрийн ажлын айлчлал хийж, олон улсын агаар-сансрын техникийн "МАКС-2019" үзэсгэлэнд зочлох Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдогантай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Жуковский хотод уулзана” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Хоёр орны удирдагчид “улс төр, худалдаа-эдийн засаг, цэрэг-техник болон хүмүүнлэгийн салбарт Орос-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, В.Путин, Тайип Режеп Эрдоган нар Сирийн байдлыг тэр дундаа Идлибийн асуудлыг, мөн Украины байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ.


Үүний сацуу Д.Песков Оросын Су-35 сөнөөгч онгоцыг Туркт нийлүүлэх тухай хэлэлцээг эхлүүлэх саналыг Анкара Москвад тавьсан эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Тэрбээр зөвхөн хоёр орны удирдагчид мягмар гарагт эдгээр онгоцыг танилцуулах "МАКС" үзэсгэлэнд зочилно гэж мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ