Мария Шарапова Серена Уильямст хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-08-27 14:16:02

НЬЮ-ЙОРК. /TASS/. ОХУ-ын теннисчин Мария Шарапова "US Open" тэмцээний эхний тойрогт АНУ-ын теннисчин Серена Уильямст хожигджээ. Тэмцээн Нью-Йорк хотын Үндэсний теннисийн төвийн талбайд болж байгаа юм.


Өдгөө 37 настай, Америкийн тамирчин 6: 1, 6: 1 оноогоор илүүрхэж хожсон байна. Тоглолт яг нэг цаг үргэлжилжээ. Мария Шарапова, Серена Уильямс нар WTA буюу Эмэгтэй теннисчдийн холбооны ивээл дор зохиогддог тэмцээнүүдэд 22 удаа хоорондоо тоглосон бөгөөд Америкийн тамирчин 20 удаа, Оросын теннисчин 2 удаа хожиж байжээ. Тэд Америкийн нээлттэй тэмцээнд анх удаа учраа таарсан юм.


Өдгөө 32 настай Шарапова Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд 87 дугаарт жагсаж байна. Оросын тамирчин WTA-гийн 36 тэмцээнд түрүүлжээ. Шарапова Францын нээлттэй тэмцээнд хоёр удаа Америкийн нээлттэй тэмцээнд нэг удаа, Уимблдоны тэмцээнд мөн нэг удаа аваргалсан байна.


Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд наймдугаарт бичигдэж байгаа Серена Уильямс карьерынхаа туршид WTA-гийн тэмцээнүүдэд 72 удаа, Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа аваргалжээ. Тэрбээр WTA-гийн чансааг 186 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Германы тамирчин Штеффи Графтай эхний байрыг хуваалцдаг байна. Серена Уильямс нь Олимпын дөрвөн удаагийн аварга юм. 2012 оны Лондоны Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол, Сидней, Бээжин, Лондоны наадамд эгч Винус Уильямсын хамт хосын төрөлд алтан медаль хүртсэн билээ. Америкийн тамирчин ирэх сарын 26-нд 38 нас хүрнэ.


Америкийн нээлттэй тэмцээнийг 1881 оноос хойш явуулж байгаа бөгөөд уг тэмцээн нь Их дуулгын цуврал тэмцээний дөрөв дэхь бөгөөд улирлын сүүлчийнх нь юм. Энэ жилийн шагналын сан 57 сая ам.доллар ажээ.


 


Холбоотой мэдээ