Найрамдлын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-28 12:32:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялалд оролцох ОХУ-ын оюутан залуучууд Дархан хотод ирсэн юм. Халх голын дайны ялалтын түүхэн ач холбогдлыг хүүхэд залуучуудад ойлгуулан таниулах, Орос–Монголын дайчдын мөнхийн нөхөрлөлийг сурталчлах зорилготой тойрон аяллыг зохион байгуулж байгаа аж. 

ОХУ-аас ирсэн аяллын бүрэлдэхүүнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа дэд консул Д.Н.Кузнецов, Цэргийн штаб, аймгийн музей, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн удирдлагууд, аймгийн Онцгой байдлын газар, Ахмадын хорооныхон хүлээж авлаа. Үүний дараагаар хамтдаа Найрамдлын хөшөөнд цэцэг өргөж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдаанд оролцсон Орос-Монголын дайчдыг дурсаж хүндэтгэл үзүүлсэн юм. Тус аялалд хоёр улсаас тус бүр 80 оюутан залуус хамрагдаж байгаа ажээ.

“Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол-Орос залуусын тойрон аялагчид хоёр орны дайчдын мөнхийн нөхөрлөлийг сурталчлахын дээр "Дархан-50" цогцолборт "Саарал шинелиэ тайлаагүй буурал найз минь хаана байна" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулав. Тоглолтод аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид болон ОХУ-ын аяллын багийн уран бүтээлчид оролцжээ.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас зэвсэг техникийн үзэсгэлэн гаргаж, аймгийн Төв номын сан, аймгийн музейн хамт олон түүхэн ялалттай холбоотой музейн үзмэрүүд, фото зургуудыг дэлгэж иргэд олон нийтэд танилцууллаа. Мөн аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барив.

 

Холбоотой мэдээ