Ноос нийлүүлдэг аж ахуй нэгжийг өөрчлөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-07 10:25:11

Дорноговь аймгийн Хоршоологчдын холбооны  зөвлөлийн гишүүд өргөтгөсөн хурлаа хийж 2015 оны ажлын тайлан, 2016 оны төлөвлөгөө, санхүүгийн орлого зарлагын гүйцэтгэлийг хэлэлцэж хяналтын зөвлөлийн мэдээллийг сонслоо.

“Хоршоологчид өнгөрсөн  онд 10 дугаар баг хурлаа зохион байгуулж дүрмээ шинэчилэн, баримтлах  бодлогын баримт бичгээ баталсан нь хамгийн том ажил болсон. Энэ онд хоршоологчидоо  сургах, тэдэнд  ажлаа сурталчлах талаар идэвхтэй ажиллана” гэж тус аймгийн Хоршоологчдын холбооны гүйцэтгэх захирал Г.Өнөрцэцэг ярив.

Хоршоологчдын дунд тулгараад буй нэг асуудал нь ноос түүхий эдээ борлуулах асуудал аж. Тэдний ноос ноолуурыг Говьсүмбэр аймгийн  “Чойр хайрхан” гэдэг компани л дангаараа худалдан авах гэрээтэй байдаг нь хоршоологчдод өөр компанийг  сонгож түүхий эдээ  илүү үнээр худалдах боломжийг хаадаг байна.

Тухайлбал  нэг кг ноосыг “Чойр хайрхан” компани 500 төгрөгөөр худалдаж авдаг бол зах зээл дээр 1200 төгрөгийн ханштай байдаг аж. Мөн худалдаж авсан ноосныхоо  үнийг бэлнээр төлдөггүй, төлбөрийг нь удаадаг төдийгүй Мандах сумын “Богд мандах” хоршоо гэхэд  12 сая төгрөгийн авлагатай болжээ. Тиймээс хоршоологчид ноосоо дан ганц нэг компанид өгөхгүй байх, өөр бусад сонголтыг  бий болгох талаар  ярилцав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ