Америкийн авто спортын тамирчин дээд амжилт тогтоох гэж байгаад амиа алджээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-08-29 11:38:47

МОСКВА. /RIA Novosti/. “Домог сүйтгэгчид” нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд авто спортын тамирчин Жесси Комбс тийрэлтэт хөдөлгүүртэй автомашинаар хурдны дээд амжилт тогтоох гэж байгаад амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо гэж “Autoblog” цахим хуудас мэдээлжээ. 


Осол АНУ-ын Ореган муж улсын Алворда цөлд болжээ. Муж улсын цагдаагийн газраас мэдээлснээр, эмгэнэлт явдал наймдугаар сарын 27-нд орон нутгийн цагаар 16 цаг орчимд болсон байна.


Комбс тийрэлтэт хөдөлгүүртэй автомашинаар цагт 996 км хурдлахыг оролдсон байна. Тэрбээр осолдохдоо амь биед аюултай гэмтэл авчээ.


Жесси Комбс аюултай үзүүлбэр үзүүлэгч, авто спортын тамирчин Китти О'Нилийн 1976 онд тогтоосон газраар хурдалсан эмэгтэйчүүдийн үнэмлэхүй дээд амжилтыг эвдэхийг оролдсон гэж “Autoblog” цахим хуудсанд нийтлэгдсэн гэр бүлийнх нь мэдэгдэлд дурдсан байна. Китти О'Нил гурван дугуйтай, тийрэлтэт хөдөлгүүртэй автомашинаар цагт 843 км хурдалж чаджээ.


Жесси Комбсыг дөрвөн дугуйт дээрх хамгийн хурдан эмэгтэй гэж хочилдог байжээ. Тэрбээр 2013 онд цагт 632 км хурдалж эмэгтэйчүүдийн хурдны дээд амжилтыг эвдэж байв. Шинэ дээд амжилтаа Комбс 2016 онд тогтоосон бөгөөд тэрбээр цагт 769 км хурдалжээ. 2018 онд түүний үзүүлэлт цагт 777 км-т хүрсэн боловч тухайн үед албан ёсоор тооцоогүй аж.


Холбоотой мэдээ