Нийслэл хотын инфляци 9 хувь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-30 00:57:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, улсын эдийн засгийн статистик үзүүлэлтүүд, Монголбанкны бодлого шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.


Улсын хэмжээнд долоодугаар сарын байдлаар инфляци 7,7 хувьтай гарчээ. Харин нийслэл хотын хэмжээнд инцляци 9 хувьтай байгаад махны үнийн өсөлт нөлөөлж байна. Махны үнэ инфляцийн хэлбэлзлийн 30 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин намрын улиралд шинэ ногооны үнэ инфляцийг хэлбэлзүүлдгийг онцоллоо.


Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа 2020 оныг дуустал инфляцийг 8 орчим хувьд тогтворжуулна гэсэн зорилт батлагдсан. Монголбанкны зүгээс үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Махны үнээс гадна дэлхийн зах зээлд өөрчлөгдөж байгаа нефтийн үнийн хэлбэлзэл дотоодын зах зээлд бензиний үнээр дамжиж, инфляцид нөлөөлж байна. Үүнээс гадна сүүлийн жил гаруй хугацаанд гэр хорооллын түлшинд хэрэглэгдэж байгаа нүүрс, модны үнэ инфляцийг ихээр хэлбэлзүүлсэн. Энэ жил сайжруулсан түлш хэрэглэхтэй холбоотой инфляцийн дарамт харьцангуй зөөлрөх болов уу гэж харж байна. Одоо хүлээгдэж буй инфляцид орж ирэх хэлбэлзэл бол шинэ ногооны үнэ юм. Өнгөрсөн жил үүний нөлөөгөөр инфляци огцом хэлбэлзэж байсан бол энэ жил харьцангуй бууруулах нөлөөтэй байх болов уу гэж үзэж байна. Үүнээс харахад 2020 он гэхэд инфляцийг найм орчим хувьд тогтворжуулах зорилт биелнэ гэж тооцож байна” гэв. 


Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа улсын эдийн засгийн шинэчлэгдсэн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.




Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн валютын орлого нэмэгдсэнтэй холбоотой мөнгөний нийт нийлүүлэлт өсжээ 


Энэ оны долоодугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгөний жилийн өсөлт 17,9 хувьд хүрч, 20,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0,3 буюу 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөнгөний нийт нийлүүлэлт өсөхөд валютын харилцах нэмэгдсэн нь нөлөөлжээ. Үүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүдийн валютын орлого нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлаж болохоор байна. 

Харин төгрөгийн харилцах өнгөрсөн сард 311,9 тэрбум төгрөгөөр буурахад томоохон аж ахуйн нэгжийн татварын төлөлт нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэрээр авч үзвэл төгрөгийн хадгаламж 53,7 хувь, төгрөгийн харилцах 15,5 хувь, гадаад валютын хадгаламж 14,4 хувь, гадаад валютын харилцах 13,2 хувийг эзэлж байна. 

Нийт хадгаламжийн хэмжээ 13,8  их наяд төгрөгт хүрснээс 84,1 хувийг иргэдийн хадгаламж, 15,9 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Харин иргэдийн хадгаламжийн 20,7 хувийг, байгууллагын хадгаламжийн 21,7 хувийг валютын хадгаламж бүрдүүлж байна. 


Банкуудын чанаргүй зээлийн дийлэнх хувийг уул уурхайн зээл эзэлж байна


Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөж, 18,1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9,3 их наяд төгрөг буюу жилийн өсөлтөөрөө 22 хувь, байгууллагын зээлийн үлдэгдэл 8,7 их наяд төгрөг буюу 12 хувиар өсжээ. Нийт зээлийн 13 хувийг гадаад валютын зээл эзэлж байна.

Нийт зээлийн 23 хувийг цалин тэтгэвэр, 16 хувийг худалдааны зээл, 11 хувийг үл хөдлөх салбар, 9 хувийг барилгын салбарын зээл эзэлж байна. 

Чанаргүй зээлийн хэмжээ 10,6 хувьтай тэнцэж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл 4,8 хувьтай тэнцүү байна. Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 73 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа юм. 

Хугацаа хэтэрсэн зээлийг эдийн засгийн бүтцээр нь үзэхэд, барилгын салбар 25, даатгалын салбар 19, худалдааны салбар 15, цалин тэтгэвэр 13 хувийг тус тус эзэлж байна.

Чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхай, 21 хувийг боловсруулах салбар, 11 хувийг барилгын салбарын зээл эзэлж байна. Нийт чанаргүй зээлийн 83 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байгаа юм.


741 иргэнд ипотекийн зээл олгожээ


Өнгөрсөн долдугаар сард банкууд нийт 741 зээлдэгчид 57,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 45,5 хувийг хөтөлбөрийн зээл, 54,5 хувийг өөрийн эх үүсвэрийн зээл байна. Ипотекийн зээлийн тухайн сард олгосон жигнэсэн дундаж хүү 11,5 хувьтай тэнцүү байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар буурсан үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 74,4 хувийг хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкуудын эх үүсвэрийн зээл, 4,6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.


Хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү 11,5 хувьтай байна


Өнгөрсөн сард банкуудын шинээр татсан нийт төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11,2 хувь, харин байгууллагуудаас татсан төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 9 хувьтай тэнцүү байна. Шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17,4 хувь, хувийн байгууллагад олгосон зээлийн дундаж хүү 17,1 хувьтай байна. Нийт хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү иргэдийн хувьд 11,5, байгууллагын хувьд мөн 11,5 хувьтай тэнцүү байгаа юм.


Экспорт, худалдааны тэнцэл сайжирсантай холбоотой төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ


Энэ оны эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 672 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд нөлөөлсөн зүйл бол урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 136,2 сая доллараар нэмэгдсэн явдал юм. Тэр дундаа манай улсын экспорт, худалдааны тэнцэл сайжирсан нь голлох нөлөө үзүүлжээ.  Өөр нэг нөлөөлсөн зүйл бол санхүүгийн тэнцэл өмнөх оны мөн үеэс 419 сая ам.доллараар өссөн явдал. Өөрөөр хэлбэл багцын хөрөнгө оруулалт буюу аж ахуй нэгжүүдийн гаргасан бондын эх үүсвэр орж ирсэнтэй холбоотой юм.


Гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.доллар болж өсжээ


Монгол улсын гадаад активын нийт хэмжээ хоёрдугаар улирлын байдлаар 6,8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бол гадаад пассивын хэмжээ 41,3 тэрбум ам доллартай тэнцэж байна. Ингэснээр манай улсын гадаад хөрөнгө оруулалт сөрөг 34.4 тэрбум ам.доллартай тэнцүү байгаа юм. Нийт гадаад активын дийлэнх буюу 60 гаруй хувийг валютын нөөц бүрдүүлж байна. Харин бусад зээл 28 хувийг бүрдүүлж байгаа юм.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт гадаад өрийн хэмжээ 29,7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 171 сая ам.доллараар нэмэгдсэн байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын зээллэг нэмэгдсэн нь өр нэмэгдэхэд нөлөөлжээ.


Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой алт тушаалт буурчээ


Өнөөдрийн байдлаар Монголбанк дотоодын зах зээлээс 9,5 тонн алт худалдан авсан байна. Өнгөрсөн онтой харьцуулбал, 2,2 тонноор буурсан байгаа юм. Энэ нь 2019 оны нэгдүгээр улиралд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой байна.

Монголбанкны нөөцийн удирдлагын захирал А.Энхжин: “Монголбанкны хувьд өнгөрсөн онд 22 тонн алт авсан. Үүнийг мөн энэ онд алдахгүй ажиллах зорилт тавьж байгаа. Гэхдээ алт тушаалтын хэмжээ буурах эрсдэл өндөр байгаа. Ипотекийн хөтөлбөрийн хувьд эхний найман сарын байдлаар Монголбанк, арилжааны банк, Засгийн газрын эх үүсвэрээс нийт 283 тэрбум төгрөгийг нийт 4000 орчим зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 100 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 100 тэрбум гэдэг бол энэ онд төсөвт суусантай бараг тэнцүү дүн байгаа. Тиймээс Монголбанкнаас хэрэгжүүлж буй шинэчилсэн бүтцээр энэ оны нийт санхүүжилт 430 орчим тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоо байна” гэв.

Холбоотой мэдээ