Монгол, Японы хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 09:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.


Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн батжуулахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг талууд онцлов.


Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулан экспортын чадавхыг дээшлүүлэхэд Японы хөрөнгө оруулалтыг илүү татах сонирхолтой байгаагаа Д.Цогтбаатар сайд илэрхийлэв.


Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээрх чиглэл болон мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа Х.Цүбай илэрхийлэв.

Холбоотой мэдээ