Эдийн засаг, санхүүтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 15:08:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой холбоотой саналын томьёоллоор санал хурааснаар завсарлалаа. 


Саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, гишүүд төслийн заалтуудтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өнгөрсөн 30 жилд хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөлтгүй явж ирснээс улс орон ч хөгжсөнгүй, ард иргэдийн амьдрал ч дээшилсэнгүй. Иймээс бидний хэдэн гишүүн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байх санал гаргасан" гээд энэ саналыг дэмжихийг гишүүдээс хүсэв.


Мөн УИХ-ын гишүүн С.Батболд төсвийн сахилгыг дээшлүүлэх үүднээс төсөв батлахад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа, эдийн засгийн бодлого, төлөвлөлттэй холбоотой энэ томьёоллыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа дахин авч үзэж, Үндсэн хуулийн тавдугаар зүйлд улсын төсөв, санхүү гэсэн шинэ зүйл нэмж оруулаад төсвийн сахилгыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн хуваарилалтын зарчмыг суулгаж өгөх шаардлагатай байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.


Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураана.

Холбоотой мэдээ