“Төрийн энтерпрайз архитектур” танилцуулах сургалт Төрийн ордонд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
183@montsame.mn
2019-08-31 14:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна. “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох” дэд төслийн хүрээнд төрийн 3 байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулах, санал авах, хэлэлцэх, сайжруулах зорилготой сургалт өнөөдөр  Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.

Төрийн дижитал шилжилтийн үндсэн суурь Төрийн энтерпрайз архитектур (ТЭА) болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төслийн зөвлөх багтай хамтран 2019 оны 4 дүгээр сард эхлүүлсэн. Одоогоор Монгол Улсын ТЭА-ын өнөөгийн байдлын судалгаа, олон улсын туршилга, иргэдийн өндөр эрэлттэй төрийн үйлчилгээний судалгааг хийжээ. Мөн Төрийн байгууллагуудаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонгон тус байгууллагуудын ажилтнуудтай хамтран шинжилгээ хийж, энтерпрайз архитектур загварыг гаргаж, платформыг хөгжүүлжээ.

Сургалтад 20 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, дээрх гурван байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулж, загвар орсон ажлыг хариуцан ажиллаж байгаа албан хаагчдаас санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр албан хаагчид цаашид ТЭА-ын платформд бодит мэдээлэл, өгөгдөл оруулж, ТЭА-ын загварыг сайжруулахад саналаа өгч, хийнгээ суралцаж, бусад төрийн албан хаагчдыг мэдээлэлжүүлэх, сургахад төслийн багтай хамтран ажиллах юм.

“Төрийн энтерпрайз архитектур” нь иргэн төвтэй төрийн үйлчилгээг иргэнд хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Тодруулбал мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү  үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” ойлголт юм.

Уг дэд төслийн хүрээнд Засгийн газрын түвшинд ТЭА-ыг загварчилж ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ-т нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгоно. Төслийн үр  дүнд ТЭА-ын загварт тулгуурлан төрийн байгууллага бүр төлөвлөх, давхцалгүй нэгдсэн төлөвлөгөө хийх, үр дүнтэй урт хугацааны бодлого, стратеги боловсруулах боломж бий болно.

Холбоотой мэдээ