Александр Суходолов: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-09-02 11:42:36

Таван жилийн өмнө ОХУ-ын Эрхүү хотноо Халх голд байлдааны ажиллагаа эхэлсний 75 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байв. Хуралд оролцогчдын анхаарлыг Байгалийн эдийн засаг, эрхзүйн Улсын их сургуулийн эрдэмтдийн бэлтгэсэн илтгэл онцгой ихээр татсан юм. Учир нь, уг илтгэлд дэлхийн II дайн Ази тивд эхэлсэн гэж нотолсон байна. Үүнийг лавлахаар илтгэлийг зохиогчдын нэг болох дээрх их сургуулийн дэд захирал, Оросын Цэргийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн А.П.Суходоловтой хийсэн сонирхолтой ярилцлага МОНЦАМЭ Тойм сэтгүүлийн 2014 оны VIII сарын дугаарт нийтлэгдсэнийг уншигчиддаа толилуулъя.

 

- Александр Петрович, бидний хувьд дунд сургуулийн сурагч байх үеэс мэддэг л дээ, 1939 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр фашистын Герман Польшид довтолсноор дэлхийн II дайн эхэлсэн гэж. Гэтэл та Ази тивд уг дайн эхэлсэн гэж эсрэгээр нотолж байх юм. Үнэхээр тийм гэж үү?


-Үнэхээр тийм. Үүнийг зөвхөн би ч биш, эрдэмтдийн бүхэл бүтэн баг баталж байгаа. Тэд М.А.Гореевийн удирддаг Цэргийн шинжлэх ухааны академид уг асуудлаар маш даацтай эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус урсгасан, сүйрэл гамшиг авчирсан Дэлхийн II дайн 1945 оны 9 дүгээр сард Азид дууссан төдийгүй Монгол Улсын Халх голд байлдааны ажиллагаа өрнөснөөр мөн адил энэ тивд эхэлсэн гэдгийг нотлох бүх үндэслэл бий гэж бид үздэг.


-Монголын эзгүй хээр талд, Халх гол гэдэг жижигхэн голын орчимд дэгдсэн орон нутгийн чанартай мөргөлдөөн нь дэлхийн дайн дэгдэх шалтаг байсан байж таарах уу?


- Халхын голд болсон үйл явдал бол орон нутгийн чанартай мөргөлдөөн огт биш. Энэ бол тухайн цаг үедээ хамгийн орчин үеийнхэд тооцогдож байсан хуягт танкийн техник, нисэх хүчин, их буу ашиглан явуулсан өргөн хэмжээний цэргийн ажиллагаа юм. Зэвсэгт мөргөлдөөнд нэг талаас Япон ба Манж Го, нөгөө талаас Монгол, ЗХУ гэсэн 4 улс оролцсон билээ. Түүнээс гадна, байлдааны ажиллагаа 1939 оны 5 дугаар сарын 11-нээс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд нэлээд ширүүн өрнөсөн. Харьцуулж үзэцгээе. Тодруулбал, “Вайс”-ийн төлөвлөгөө ёсоор Польшийг эзлэх тулалдаан 1939 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 27 хүртэл 2 сар хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн ба Халх голын тулалдаантай харьцуулахад хүн хүчний хохирол ч бага байлаа. Түүнчлэн байлдааны ажиллагаанд Польш болон 3 дугаар Рейх гэсэн хоёрхон улсын зэвсэгт хүчин оролцсон юм. Нөгөөтэйгүүр, Халх голд оператив-тактикийн шинжтэй байлдааны үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, стратегийн хувьд Дэлхийн II дайны үеийнх шиг маш чухал шийдвэрлэх томоохон тулалдаанууд өрнөж байлаа. Өөр нэг зүйлийг онцлон дурдмаар байна. Халх голын тулаан бол таны хэлсэн шиг Дэлхийн II дайн дэгдэх шалтаг бус харин түүний эхлэл юм. Өмнө нь бүрэлдэн бий болоод байсан геополитикийн нөхцөл байдал нь тусгаар тогтносон бусад улс орны эсрэг чиглэсэн Японы цэргийн түрэмгийллийн ажиллагаа болж хувирсан билээ. Чухамдаа Халх голд дэлхий дахиныг хуваан эзэмших үйл явц улс төрийн аргаар бус харин цэрэг зэвсэг ашигласнаар үргэлжиллээ. Энэ бүхэн германчууд Польшид цэрэглэн довтлохын яг өмнөхөн эхэлсэн юм. Иймээс Халхголд болсон үйл явдал бол Дэлхийн II дайн гэгддэг дэлхийн хэмжээний цэргийн ажиллагааны анхдагч бөгөөд салшгүй нэгэн хэсэг мөн гэж бид үздэг.


-Халх голд болсон цэргийн ажиллагааг өргөн цар хүрээтэй гэж та дүгнэлээ. Үүнийг чухам юугаар батлах вэ?


-Энд өрнөсөн томоохон тулалдаануудад хэдэн зуугаар тоологдох нисэх онгоц, танк, их буу ашигласан гэдгийг дурдахад л хангалттай. Жишээлбэл, Баянцагаан уулын орчимд болсон ширүүн тулалдааны үеэр дайтагч талууд 400 орчим танк болон хуягт машин, 800 гаруй их буу ашигласан бол зарим тодорхой цаг мөчид агаарт 300 хүртэлх тооны нисэх онгоц нэгэн зэрэг тулалдаж байв. Тодруулбал, 9 дүгээр сарын 15-нд болсон агаарын тулалдаанд Японы 120, Зөвлөлт-Монголын 207 нисэх онгоц оролцжээ. Өөр нэгэн чухал баримтыг дурдъя. Зарим тулалдааны үеэр танкийн болон механикжуулсан ангиудыг цохилтын гол хүч болгон ашигласан нь дэлхийн цэргийн практикт анхны тохиолдол байв. Нөгөөтэйгүүр, Халх голын тулалдаанд гавьяа байгуулсан 70 гаруй хүн ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан бол 83 хүн Лениний одон, 595 хүн Байлдааны гавьяаны Улаан тугийн одон хүртжээ. Олон олон дайчид БНМАУ-ын төрийн одон, медалиар шагнагдсан. Энэ бүхэн нь Халх голд болсон байлдааны ажиллагаа нь өргөн цар хүрээтэй, хатуу ширүүн байсан гэдгийг нотолно.


- ЗХУ, БНМАУ хоёр цэргийн ажиллагаа амжилттай болсны дараа байлдааны ажиллагааг Монголын нутаг дэвсгэрээс Манжуурын нутагт шилжүүлэх боломжийг яагаад ашиглаагүй вэ?


- Ийм хувилбарыг армийн бүлэглэлийн штаб төдийгүй Ажилчин-тариачны Улаан армийн Жанжин штаб судалж байжээ. Гэвч үүнийг ЗХУ-ын удирдлага үгүйсгэсэн бөгөөд Сталин эл байр суурин дээр хатуу зогсч байлаа. Зэвсэгт хүчнээ шинэчлэх ажлыг дуусгаагүй байгаа ЗХУ, БНМАУ хоёрын хувьд цэргийн ажиллагааг өргөжүүлж, сунжирсан дайнд оролцох нь буруу гэж тэрбээр үзэж байв. Үүний сацуу, ЗХУ-ын удирдлага Халх голын байлдаанд амжилт олсон явдлыг Герман-ЗХУ-ын хооронд Харилцан үл довтлох тухай Гэрээг бэлтгэх, түүнд Молотов, Риббентроп нар гарын үсэг явцад цэрэг-улс төрийн жинтэй арга хэрэгсэл /аргумент/ болгон ашигласан юм.


Нөгөөтэйгүүр, ЗХУ Халх голд ялалт байгуулж, өөрт ашигтай гэрээг Германтай байгуулж чадсанаар Япон улсад улс төрийн хямрал дэгдэж, засгийн газар нь огцорсон. Тус улсын шинэ засгийн газар 1939 оны 9 дүгээр сард Европт эхэлсэн цэргийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн мэдэгдэл хийв. Удалгүй ЗХУ, Японы хооронд эвлэрлийн хэлэлцээр байгуулагдаж түүний үндсэн дээр 1941 оны 4 дүгээр сард Төвийг сахих тухай Зөвлөлт-Японы гэрээнд гарын үсэг зурсан. Хэдийгээр Гитлерийн зүгээс холбоотны үүргээ биелүүлж ЗХУ-ын эсрэг дорно зүгээс цохилт өгөхийг шаардаж байсан боловч Япон улс ЗХУ-д довтлохоос татгалзсан юм.


Үүнээс харвал, Халх голын үйл явдал нь дэлхийн түүхийн цаашдын өрнөд мэдэгдэхүйц нөлөөлсөн гэдэг нь илт байна. Ийм учраас, тэнд болсон тулалдаан нь Дэлхийн II дайны эхлэл, түүний салшгүй элементүүдийн нэг нь байжээ гэдгийг нотлох бүхий л үндэслэл бий.


-Байгалийн Улсын их сургуулийн эрдэмтэд эл сэдвийг хөндөн судалж байгаагийн учир юу вэ?


- Судалгааг Монголын ШУА-тай хамтран олон улсын эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гүйцэтгэж байгаа. Уг эрдэм шинжилгээний ажлын зорилго нь 19-20 зууны үед Монгол, Орос хоёр улс хэрхэн хамтран ажиллаж байсан бэ гэдгийг судлах явдал. Нөгөөтэйгүүр, Дэлхийн II дайн бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд хамгийн харгис ширүүн, хамгийн их эвдрэл сүйтгэл дагуулсан дайн байсан. Тэгэхээр энэ дайн үүссэн шалтгаан, түүний нийгэм, эдийн засгийн үр дагаврыг судлах нь цаг үеийн шинжтэй нэн чухал асуудал юм. Эл асуудлын хариу нь орчин үеийн геополитикийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлэн дүгнэхэд мөн адил маш чухал. Тухайн асуудлыг дэлхийн бүх улс оронд идэвхтэй судалж байгаа бөгөөд Орос, Монголын хувьд ч мөн ялгаагүй.


Эх сурвалж: http://argumenti.ru/society/ n448/355629 


Холбоотой мэдээ