Д.Хаянхярваа: Төрийн алба шатлан дэвшдэг байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор явуулах санал хураалтыг үргэлжлүүлж байна.
Тухайлбал, Үндсэн хуульд 46.4-т "Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна" гэж өөрчлөн найруулахтай холбоотой санал, байр сууриа гишүүд илэрхийлэв. Засгийн газрын хуралдаан болж, зарим гишүүн байхгүй байгаа тул энэ томьёоллын санал хураалтыг түр хойшлуулах УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн горимын саналыг гишүүдийн олонх дэмжив. Ингээд дээрх саналын "Шатлан дэвших" гэснийг хасах УИХ-ын гишүүн Н.Учралын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, дээрх горимын саналыг дэмжихгүйгээ илэрхийлэв. Тэрээр "Төрийн албан хаагч тодорхой шат дамжлагыг дамжин дэвшдэг байх ёстой. Сонгуулиар гарч ирсэн нам нь яам Тамгын газрын бүтцийг өөрчлөлт нэрийн дор бужигнуулдаг. Төрийн албан хаагчид ажилдаа идэвх, сэтгэлтэй байх нь багасаж, өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж, албан тушаалдаа яаж үлдэхээ боддог болсон. Энэ төрийн албан хаагчдын буруу биш. Нам, улс төрчдийн буруутай ажиллагаанаас төрийн алба доройтож, тогтвортой байдал алдагдаж байна. Сайн засаглалтай, чанга төртэй орнуудын төрийн алба яг энэ шатлан дэвших системээр явдаг. Шатлан дэвших замаар олон жил ажилласан төрийн албан хаагч өндөр хөгжилтэй оронд сайн сургууль төгсөж ирсэн залуу мэргэжилтнээс илүү туршлага хуримтлуулсан байдаг. Дадлагажих, мэргэших нь цаг хугацааны асуудал юм" гэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, Мерит тогтолцоог буруу орчуулж "шатлан дэвших" гэж 2017 оны Төрийн албаны тухай хуульд оруулж байгааг өмнө нь эсэргүүцэж байснаа дурдаад, энэ үг олон мянган залуусын боломжийг хааж байна гэсэн юм. Мерит гэдэг нь мэдлэг, ур чадварт суурилж ажилд томилдог зарчмыг хэлдэг бөгөөд барууны орнуудад ажлын үнэлгээнд суурилж, ур чадварын шалгуураар цалин хөлсийг олгодог тогтолцоонд шилжсэнийг тайлбарлав. Мэдлэг чадвартай олон залуус төрийн албаны гадна хоцорч байгааг хэлээд, Төрийн албанд чадвартай шинэ залуусаар салхи оруулах цаг болсныг тэмдэглэв.
Ийнхүү дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Н.Учралын саналыг дэмжээгүй юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас 46.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөхөөр санал оруулсныг сая түр хойшлуулсан томьёолол буюу төслийн 23.1 дүгээр заалттай утга, агуулга нэг тул ижилхэн хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Одоо Төслийн "30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн саналаар байр сууриа илэрхийлж байна.