Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа сонгох саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-04 16:36:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар, Ерөнхийлөгчийн нас, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор үргэлжлүүлэн санал хураалаа. 


УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл дэх Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


Харин  УИХ-ын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын гаргасан дээрх саналын 55 насыг 50 болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолоор гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 92.2 хувь нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дээрх саналыг дэмжсэн юм. 


УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхдээ төслийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалт буюу Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” хэмээн өөрчлөн найруулахаар тусгасан бөгөөд энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.


Мөн УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар тусгасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн  86.4 хувь нь дэмжлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төслийн дээрх хэсгийн “нам, эвсэлтэй зөвшилцөн” гэсний дараах “олонхыг” гэснийг “олонхоороо” гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэнгүй.


Төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах санал 86.4 хувийн саналаар дэмжигдсэн.


Төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгажээ.  


Энэ санал дэмжигдэн хэрэгжсэнээр Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн Ерөнхий сайдыг хайж эхэлдэг байдал үгүй болно хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан. Энэ асуудлын эерэг, сөрөг талаас нь олон удаа ярьж, өргөн хэмжээний судалгаа хийгдсэнийг тэрбээр дурдаад, Ерөнхий сайдад хариуцлага тооцон огцруулах болбол дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болсон байх ёстой бөгөөд асуудалд иж бүрэн ханддаг болгох Үндсэн хуулийн чухал шинэчлэлийн нэг хэмээн онцолсон.


Саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дахин ярилцах шаардлага үүссэн учир санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  


Түүнэчлэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж өөрчлөн найруулах саналууд дэмжигдсэн юм.

Холбоотой мэдээ