УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас өөр ажил эрхлэхгүй байх саналаар санал хураана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-06 13:04:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 12.00 цагт эхэллээ.


Өчигдрийн хуралдаанаар Ажлын багаас гаргасан “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж дууссан юм. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нарийвчлан орж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртэлх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьж байна хэмээн тодотгов. Мөн тэрбээр, хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр өчигдөр 22.00 цагийн орчимд завсарласан юм. 


Ингээд өнөөдрийн хуралдаанаар, дээрх горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Өөрөөр хэлбэл, дээрх саналд туссан хоёр агуулгаар тус тусад нь санал хураахаар боллоо. Санал хураалт одоогоор эхлээгүй байна.

Холбоотой мэдээ