УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн 150 орчим зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр явуулах санал хураалт үргэлжилж байна.
Үндсэн хуулийн 29.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж өөрчлөн найруулах ажлын багаас гаргасан саналтай холбогдуулан өчигдөр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн С.Бямбацогт нарын гишүүд дээрх саналд тусгасан хоёр агуулгаар тус тусад нь санал хураах санал гаргаснаар чуулганы өчигдрийн хуралдаан завсарлаад байв. Харин өнөөдрийн хуралдаанаар С.Бямбацогт нарын дээрх горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд "УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн ажлын багийн гаргасан саналын нэг агуулгаар санал хураахад гишүүдийн 95.2 хувь дэмжлээ.
Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангатай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэсэн хэсэг нэмэх саналын талаар гишүүд лхагва гарагийн чуулганы хуралдаанаар байр сууриа илэрхийлсэн. Иймд үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар, "Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн" гэсэн тайлбарыг гишүүдэд сонордуулсан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй.
Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт үүгээр оролцохгүй гэдгээ мэдэгдэж, хуралдааны танхимыг орхин гарав. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, "УИХ-ыг гишүүдийн байр суурь нэгдмэл биш байхад Үндсэн хууль хэлэлцэж болохгүй. Зөвшилцлөө нэг мөр шийдээд цааш нь явуулах хэрэгтэй. АН-ын зөвлөлийн үндсэн зарчмын байр суурь өчигдрийн хуралдаанаар дэмжигдээгүй учраас хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг байр сууриа дахин нотолж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хувьд, энэ талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барина" хэмээсэн юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн хуралдаанаар нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай зүйл байгаа учир чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулах санал гаргав. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагаас үргэлжлэхээр боллоо.