УИХ-ын ээлжит бус чуулган мягмар гарагт хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-09 10:02:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслөөс гадна зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл болон Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэхь хэлэлцүүлгийг хийнэ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх юм. 


Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, нийт 14 асуудал хэлэлцэнэ. 


Мягмар гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. 


Ийнхүү УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, ээлжит бус чуулганыг хаана. 

Холбоотой мэдээ