БНАСАУ үл мэдэгдэх хоёр пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-10 10:10:38

СӨҮЛ. /Yonhap/. Мягмар гарагт БНАСАУ-ын баруун нутгаас Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг үйл явдлаас хэдхэн цагийн өмнө БНАСАУ цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх саналыг АНУ-д тавьсан юм.


Пуужингуудыг Өмнөд Пёнган мужаас зүүн чиглэлд харвасан гэж БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдээлсэн боловч тэдгээрийн төрөл, ниссэн зай зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


"Манай зэвсэгт хүчин нөхцөл байдлыг ажиглаж, бэлэн байдалд байна" гэж Штабын дарга нарын хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй АНУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээг есдүгээр сарын сүүлээр үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний дараа уг үйл явдал болжээ.


БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцэх зорилгоор БНАСАУ өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш хэд хэдэн пуужин харвасан юм. Хэдийгээр Сөүл, Вашингтоны цэргийн сургууль өнгөрсөн сард дууссан боловч Пёньян туршилтуудаа үргэлжлүүлсээр байна. 

Холбоотой мэдээ