Чингэлтэй дүүргийнхэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-10 12:30:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72 метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой аж.


Нийслэлийн ЧД-ийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн энэхүү талбайн нээлт /2019.09.08/-ийн ёслолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

“Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдарын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн  Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нээж үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнд “Хүн төвтэй хот” -“Орчин төвтэй хот”- “Төлөвлөлт төвтэй хот” гэж гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. “Хүн төвтэй хот” зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг спортоор сургаж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой спортын талбай нээлтээ хийж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд цаашид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэх мэт бусад дүүргүүдэд спортын талбай нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна”  хэмээлээ.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг тохижуулжээ. 

Холбоотой мэдээ