Малчид хүүхдээ 7 настай сургуульд оруулж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-08 11:06:59

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлснээр эхлэв.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар тус хуулийг хэлэлцэх үед малчин эцэг эх ямар нэг хүндэтгэх шалтгаанаар хүүхдээ 6 настайд нь сургуульд оруулахгүй байж болох тухай асуудал ихээхэн маргаан дагуулсан. Иймээс энэ асуудал дээр гишүүд өнөөдөр ч байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, "Энэ тал дээр эцэг эхчүүдэд хөнгөлөлт үзүүлж болох юм. Гэхдээ 7 нас хүрсэн үед заавал сургуульд оруулсан байх ёстой" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, "Хүүхдээ 6 настайд нь сургуульд оруулахын өмнө наана нь 3-4 насанд нь цэцэрлэгт хамруулах асуудал хөндөгдөж байгаа юм. Ер нь сургуульд миний хүүхэд сурч чадна гэвэл эцэг эх нь аваад очдог. Энэ жил сургаж чадахгүй нь ээ гэвэл тухайн жилдээ сургуульд явуулдаггүй байхад болно. Сургуулийн захирал чөлөөлдөг эсвэл чөлөөлдөггүй байх асуудлыг шийднэ гэдгээ болих хэрэгтэй. Эцсийн хэлэлцүүлэгт энэ асуудлыг дахиж ярих хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Боловсролын яам хүүхдийн эрх ашгаар тоголдгоо болих хэрэгтэй. Дэлхийн боловсролын системийн тогтолцоог одоо л барьж авахгүй бол 6-тай хүүхэд сургуульд орохгүй нь. Дараа нь 7-той хүүхэд сургуульд орохгүй нь. Үүний дараа 8-тай оруулна гэх үү. Хүүхдийн эрхийг хассан энэ зарчмыг би огт дэмжихгүй" гэхэд УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Хүүхдийг хоцрогдолгүй сургахад анхаарья гэж бодож байгаа. Гэтэл амьдрал дээр асуудал их байна шүү дээ. УИХ-ын гишүүдийг орон нутагт ажиллах үед залуу малчдаас эл асуудлыг тавьсны дагуу гишүүд парламентын түвшинд ярьж байна. Түүнээс  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ асуудлыг гаргаж тавьсан юм биш" гэв.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, "Зургаан настай хүүхэдтэй малчин эцэг эхэд хөнгөлөлт үзүүлье гэсэн үг биш байх. Зөвхөн амьдралын боломжгүй эцэг эхэд чөлөөлөлт олгоё л гэж байгаа хэрэг. Энэ заалтыг дэмжиж байгаа. Малчдад боломж олгох асуудал бол байж болно. Харин сүүлийн үед иргэд сурагчдын амралтыг ахлах, дунд, бага гэж ангилж амраадаг болсныг эргэж хараач гэж захиж байгаа. Ялангуяа хөдөөгийн иргэдийн хувьд энэ асуудлыг яам бодолцох хэрэгтэй гэснийг уламжилья" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэдэн өрх аймаг, сумын төвд хоёр газар амьдраад байгаа юм бэ гэдгийг судалсан уу гэсэн асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс лавлахад тэрбээр, "Хоёр газар амьдарснаар салсан гэр бүлийн тоо гарч ирэхгүй байгаа. Энэ бол харьцангуй ойлголт. Ер нь бол дотуур байрны орчныг сайжруулахад анхаарч байгаа. Ялангуяа баруун 3 аймгийн сургуулиудын дотуур байрны орчныг сайжруулахад тодорхой ажил эхлүүлээд байна" гэсэн тайлбар өгч байв. Ингээд уг асуудлаар санал хураалт явуулахад 57.8 хувийн саналаар дэмжлээ.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ