Монголын шигшээ баг 0:1-ээр хожигдсон ч нэг шат ахисан гэдгээ харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-10 20:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийслэлд болж байгаа “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хоёр дахь тоглолт өнөөдөр /2019.09.10/ Монгол, Тажикистаны хооронд болж тажикууд 1:0-ээр хожлоо.


Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багийг 1:0-ээр хожиж түүхэн ялалт байгуулсан  бол Тажикистаны баг өөрийн талбай дээрээ Киргизийн багийг 1:0-ээр ялсан. Тэд F хэсгийг тэргүүлж байсан бол манай талбайд энэ багууд өнөөдөр 17 цагаас халз тоглож Монголын шигшээ эх орондоо хожигдол хүлээлээ. Энэ тоглолтыг Сирийн шүүгчид дэнсэлсэн бөгөөд ерөнхий шүүгч нь 30 настай Ханна Хаттаб, түүнд Али Ахмад, Мазен Зазфоун нар томилогдон ажиллав. Дөрөв дэх шүүгчийн үүргийг БНАСАУ-ын Чое Кван Хон гүйцэтгэсэн.


Тажикистаны шигшээ багтай манай шигшээ баг урьд нь таарч байгаагүй. Тажикууд дэлхийн чансаагаар манай багаас 66-гаар өмнө буюу 119-д эрэмбэлэгдсэн. Өчигдөр /2019.09.09/ хоёр багийнхан хэвлэлийн бага хурал хийж, тоглолтын тухай сэтгүүлчдийн асуултад хариулж байсныг эргэн дурсъя.

Тажикистаны багийн ахлах дасгалжуулагч Усмон Тошев: Киргизийн баг хүчтэй баг, бидэнд аз таарч хожсон. Манай F хэсэгт ижил түвшний багууд багтсан. Ганцхан Японы шигшээ Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй баг. Харин бусад багийн хувьд, хэн нь ч хожих магадлалтай. Манай багт нэг ч орос тоглогч байхгүй. Манай баг найрсаг уур амьсгалтай, цул болж чадсан энэ нь бидний хамгийн том давуу тал. Би Монголд олон удаа ирж байсан тул монголчуудыг эрэлхэг, зоригтой ард түмэн гэдгийг сайн мэднэ. Хөл бөмбөгчид нь ч мөн адил байх. Мьянмарыг ялсан тоглолтыг үзсэн. Маргааш маш сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй. Тажикистаны тусгаар тогтнолын баяр өнөөдөр болж байна. Тиймээс бид энэ баярын өдрөө ялалт авч ирэхээр Улаанбаатарт ирсэн" гэж ярьсан юм. 

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн энэ удаагийн тоглолтод үнэхээр маш сайн тоглож 1:0-ээр Тажикистаны шигшээ багт хожигдлоо.

Энэ тоглолт манай шигшээ багт илүү амжилт гаргах боломж байгааг харууллаа. Монголын хөлбөмбөг сонирхогчид, үндэсний шигшээ багаа ийм өндөр түвшинд хүрснийг нүдээр харж бахархаж байсан юм. Монголын хөлбөмбөгчдөд маш их ирээдүй байгааг энэ тоглолт харууллаа.



Холбоотой мэдээ