Д.Трамп: Ким Жөн Унтай энэ оны сүүлээр уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-13 12:06:02

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай энэ оны сүүлээр уулзаж магадгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ.


Ким Жөн Унтай энэ онд уулзах эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад Д.Трамп хариулахдаа, боломжтой хэмээн хэлээд, тэд уулзах хүсэлтэй байгаа, ямар нэг зүйл болно гэж бодож байна гэжээ.


Трамп, Ким нар 2018 оны зургадугаар сараас хойш гурван удаа уулзаж, АНУ-ын хориг арга хэмжээ болон аюулгүй байдлын баталгааны хариуд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцсэн юм.


Харин өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд болсон Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд оржээ.


Даваа гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй мэдэгдэхдээ, манай улс есдүгээр сарын сүүлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна хэмээгээд, Пёньяны засаг захиргаа хүлээн зөвшөөрөх боломжтой шинэ санал тавихыг Вашингтоноос шаардсан байна.


“Цаашид юу болохыг харцгаая. БНАСАУ-ын тал уулзах хүсэлтэй байгаа. Та бүхэн энэ талаар сонссон байлгүй” гэж Д.Трамп хэлжээ. 

Холбоотой мэдээ