“Тэсийн голын монголчууд” кино олон улсын наадамд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-14 11:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, "Тэгт тойрог" кино компанийн хамтран бүтээсэн "Тэсийн голын монголчууд" кино олон улсын кино фестивальд шалгарлаа.

Дэлхийн олон улс орнуудын мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд  “Тэсийн голын монголчууд” кино ийнхүү олны анхаарлыг татаад байна. Тус кино фестивальд дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлдсөнөөс "Тэсийн Голын монголчууд" киноны зураг авалтыг  шүүгчид өндөр үнэлсэн байна.

Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман болон Бельги улсад зохион байгуулах Мал Аж Ахуйн олон улсын үйл ажиллагааны үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэх юм.

“Тэсийн голын Монголчууд” кинонд “Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумд зэрэг Монголын болон Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгадаг. Голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан болох Тэсийн голынхон аж төрөн суудаг. Нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан мал аж ахуйгаа адгуулан ирсэн уламжлалыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харьцуулан харуулсан нь онцлог болжээ.

Холбоотой мэдээ