Алдарт зураач Ци Бай Шигийн дөрвөн зураг Монголын цуглуулагч Б.Батбаярт хадгалагдаж байна

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-16 18:31:47
@ShoovdorBatbold

            Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын алдарт зураач Ци Бай Шигийн “Мөчир”, “Далайн амьтад”, “Шувууд”, “Дэвүүр” нэртэй дөрвөн уран зураг Монголын цуглуулагч Батжаргалын Батбаярт эх хувиараа хадгалагдаж байна.

Олонд танигдсан улстөрч, бизнесмен Батжаргалын Батбаяр нь гэр бүлийнхнийхээ хамт “Бадамханд” урлагийн музейг үүсгэн байгуулсан бөгөөд түүний цуглуулгад Ци Бай Ши зураачийн дээрх бүтээлүүдээс гадна Японы зураач Китагава Утамаро, Кацушика Хокусай, Испанийн зураач, сюрреализмыг үндэслэгч Сальвадор Дали, Монголын зураач Б.Шарав, Ү.Ядамсүрэн, Г.Одон, Л.Гаваа, Ц.Жамсран, Ц.Доржпалам, Н.Цүлтэм, Д.Чойдог, Ц.Ичинноров, Л.Намхайцэрэн, До.Болд, С.Дондог, Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Ш.Чимэддорж, Н.Авьяабазар, Хятадын зураач Юань Ву, Ван Жи Мин зэрэг нэр алдартай зураач, урчуудын бүтээсэн 500 орчим урлагийн бүтээл байдаг ажээ.


Ци Бай Ши "Мөчир"

Тэрбээр 10 настайгаасаа эхлэн шуудангийн марк, ил захидал, энгэрийн тэмдэг цуглуулж эхэлсэн, одоо ч түүний цуглуулгад 1950, 1960, 1970-аад онд хэвлэгдсэн ховор, хуучин маркууд хадгалагдаж байна. Хожим тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин улсын Кривой Рог хотын Уулын хүдрийн дээд сургуульд инженерийн мэргэжлээр сурч байхдаа 1978 онд Ци Бай Шигийн “Мөчир” зургийг худалдан авч уран зураг цуглуулах эхлэлээ тавьжээ. Уг зургаа тэрбээр Москвагийн нэгэн цуглуулагчаас тухайн үеийн 1500 төгрөгийн үнэ бүхий монгол маркны иж бүрэн цуглуулгаар сольж авсан байна. Энэ нь тэр үеийнхээ ханшаар бол 100 ам.доллар гэсэн үг юм. Тухайн үед монголчуудын цалин 400 төгрөг, нэг ам.долларын зах зээлийн үнэ 15 төгрөгтэй тэнцдэг байсан бол монгол марк маш сайн хийцтэй, цөөхөн хэвлэгддэг тул гадаадын цуглуулагчид дунд эрэлт ихтэй, валют болдог нэг гол бүтээгдэхүүн байжээ. Хятадын алдарт зураач Ци Бай Шигийн “Мөчир” зургийг Б.Батбаярт худалдсан Оросын цуглуулагч Миша түүнд “Марк цуглуулах бол дунд сургуулийн хүүхдийн ажил. Одоо чи том цуглуулагч бол” хэмээгээд Орос зураач М.К.Крутинскийн “Аугаа их хувьсгал” хэмээх усан будгийн зургийг бэлэглэжээ.

Ци Бай Ши "Шувууд"

Ци Бай Ши бол тухайн үедээ дэлхийн уран зургийн шилдэг 10 төлөөлөгчийн тоонд Ази тивээс ганцаараа багтдаг, Азиас дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн зураач байв. Тиймээс ийм алдартай зураачийн бүтээлээр уран зураг цуглуулах ажлаа эхэлсэн түүнд дахиад Ци Бай Шигийн олон зурагтай болох мөрөөдөл байсан нь мэдээж. Ингээд 1993 онд Ци Бай Шигийн “Шувууд” зургийг Хятадын орчин үеийн нэрт зураач, уран зураг цуглуулагч  Ван Жи Минээс 48000 ам.доллароор худалдан авчээ. Хятад хүмүүсийн дундаж цалин 1990-ээд оны эхээр 400 юань орчим байсан гэж тооцоход дээрх зураг чамгүй үнэтэй бүтээл гэдэг нь харагдана. Тэрбээр 1990-ээд оны дундуур Ван Жин Мин зураачаас бас нэгэн зураг худалдан авсан нь Ци Бай Ши зураачийн зурсан “Дэвүүр” зураг юм. “Дэвүүр” зургаа ямар үнэтэй худалдан авснаа одоо тэр санахгүй байна. “Нэг их үнэтэй аваагүй” гэв. Ийнхүү тэрбээр Хятадын алдарт зураач Ци Бай Шигийн гурван зургийг эх хувиар нь олж авчээ. Түүний цуглуулгад буй “Шувууд” зураг 1942 онд зурагдсан, 50х110 см хэмжээтэй бол “Мөчир” зураг 70х160 хэмжээтэй юм байна.

Ци Бай Ши "Далайн амьтад"

Б.Батбаярын цуглуулгад эх хувиараа хадгалагдаж буй Ци Бай Шигийн дөрөвдэх бүтээл бол 1920 онд зурсан, 60х130 см хэмжээтэй “Далайн амьтад”. Уг зургийг 2003 онд Монголын ардын зураач Л.Гаваагийн хүү Төмөрөөс 20 сая төгрөгөөр худалдан авчээ. “Эрхэм нөхөр Л.Гаваад 93 настай Ци Бай Шигаас” хэмээсэн зориулал үг бүхий уг зургийг БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойд оролцохоор 1952 онд Бээжин хотод очсон Монголын төлөөлөгчдийн нэг, зураач Л.Гаваатай уулзсан Ци Бай Ши өөрийн гараар бэлэглэжээ. Л.Гаваа агсан Монгол-Хятадын харилцааны нэгэн түүхийг гэрчилсэн уг зургаа хүүдээ өвлүүлэхдээ “Энэ зураг бол хосгүй бүтээл. Монголоос хэрхэвч гаргаж болохгүй шүү” гэж захьсан байна.

Хятадын зураач Ци Бай Шигийн “Далайн амьтад” зураг одоо цуглуулагч Батжаргалын Батбаярын “Бадамханд” урлагийн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм.

 



       Цуглуулагч Б.Батбаяр







        





Түүний анхны цуглуулгын нэг "Аугаа их хувьсгал" зураг




Холбоотой мэдээ