Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулах саналыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
bolor@montsame.mn
2019-09-17 14:30:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас Төрийн ордонд  “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч уг музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв.

Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэллээ.

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулан Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрөлхтний түүхэнд оюун санааны  ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.

Энэхүү музейн зургийн төслийг архитектор Д.Балдан гаргасан байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм.

Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэв.

Төлөвлөсөн 3.300 мк.в эдэлбэр газрын 2.500 мк.в талбайд  долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзэлнэ. Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв.

Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаарх эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвинучир орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэхэд анхаарч ажиллахыг сануулж байв.

Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэн гаргасан.

Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах талаар ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв.

 

Холбоотой мэдээ