Мөрөн сумын нийт өрхийн 15 хувь нь түлшний модоо бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-18 20:46:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын нийт 12437 өрхийн 15 хувь нь буюу 1500 өрх түлшний модоо бэлтгэн нөөцөлсөн байна. Энэ намар түлээ түлшний үнэ хэт өндөр байгаагаас айл өрхүүд түлшний модоо нөөцлөхөд хүндрэлтэй болжээ. 

Түлээ түлшний захад портероор ачсан түлээ 250 мянга, зил-130-тай түлээ 550-650 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэдэд чирэгдэлгүй түлээ түлшээ нөөцлөн бэлтгэх боломжийг олгох, үнийг хөөрөгдөхгүй байх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичгийг Мөрөн сумын ойролцоох байгаль хамгаалагчдыг нэг дор төвлөрүүлэн бичиж үйлчлэх ажлыг яаралтай хийхийг аймгийн Засаг дарга Мөрөн сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Мөрөн суманд мод, модон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээтэй 17 сумаас нийт 123919 м3 мод бэлтгэн нийлүүлэхээр тогтоосон. Үүнээс одоогийн байдлаар 2007 м3 хэрэглээний мод, 15001 м3 түлшний мод нийт 17008 м3 буюу 17.3 хувийн нийлүүлэлт хийсэн байна.

Холбоотой мэдээ