Дундговь аймгийн музей 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-18 21:19:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн 70 жилийн ой энэ онд тохиож, есдүгээр сарын 20, 21-д түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

70 жилийн ойгоо угтаж тус хамт олон “Аймгийн музейн сан хөмрөгөөс” зурган танилцуулга, “Дундговь судлал-2018”, “Морин тэрэгтэй эрэлч”, “Музейн 70 жилийн түүх” номуудыг хэвлэн гаргаж, тус ойн түүхэн баримтат  кино хийжээ.

Ойн баярын өдрүүдэд 70 жилийн ойн баримтат киног үзүүлж, “Дундговь судлал-2019” эрдэм шинжилгээний бага хурал,  музейн түүхэн хөгжлийг харуулсан үзэсгэлэн гаргах ажээ.

Энэ жил тус музейн хамт олон ойгоо угтан эрт галавын амьтад, тэдний түүхийг харуулсан үзэсгэлэн гаргаж, шөнийн музей, цайны ёслол зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан сан хөмрөгөө арвижуулж, Дундговийн түүх, монгол ёс заншил, уламжлалаа сурталчлан таниулах зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Дундговь аймгийн музейг 1949 онд байгуулсан. Тус байгууллагын түүхэн хөгжил, сан хөмрөгийн бүрдэл, амжилт бүхэн музейн даргаар 20 гаруй жил ажилласан Ж.Сугир агсантай салшгүй холбоотой юм. Түүний түүхэн энэ гавьяа, цуцашгүй хөдөлмөр, бүтээлийн нь тухай Зава Дамдин судлаач, идэвхтэн гишүүн зохиолч, сэтгүүлч Х.Шонхор “Морь тэрэгтэй эрэлч” ном туурвин музейн 70 жилийн ойд бэлэг барьжээ.

Ж.Сугир музейн эрхлэгчээр анх томилогдон ирэхдээ хуучнаар тус аймгийн Соёлын ордны нэг өнцөгт цөөхөн үзмэртэй байсан байгууллагыг хүлээн авч, шинэ байртай болгож, өөрөө геологич мэргэжлээр суралцан эчнээгээр төгсч, морин тэргээр аймгийнхаа болон Монгол орныхоо нутгаар хаа сайгүй явж, музейгээ 1120 үзмэртэй болгож чадсан түүхэн хүн.

Тэр үед морин тэрэг ховор байсан учраас Ж.Сугир агсныг хөдөөгүүр морь тэрэгтэйгээ явахад малчид, хөдөөгийн хүн ам ихэд гайхаж, зарим нь айж цочдог байсан тухай зохиолч Х.Шонхор номондоо дурджээ.

Дундговь аймгийн музей нэн эртний хүрэл зэвсгийн үе, Их Монгол Улс, аймаг байгуулсан түүх, дуу хуур, аймгийн алдартан, мал аж ахуй, монголын уламжлалт тоглоом, угсаатны зүй, Зава Дамдин, ан амьтан, ашигт малтмалын үзмэрийн танхимуудтай.

Тус музейд урлаг уран сайхны 187, угсаатны зүйн холбогдолтой 1041, шашны 1108, археологийн 1247, байгалийн 425, палентологийн 52, түүхийн холбогдолтой 716 үзмэр тус тус хадгалагдаж байна.

Дундговь аймгийн музейн ялгарах гол онцлог нь хүрлийн үзмэрээр баялаг. Тус музейд МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан 800 орчим хүрлийн олдвор байдаг.

Хүрлийн цуглуулгад амьтны загварт хүрэл, унжлага, хүрэл сум, хүрэл хутга, олом, арал, ахуйн хэрэглээний хүрэл эдлэл хадгалагдаж байна.

Мөн Боржгон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон Тугалын бүлээний солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой шүрэн хөөрөг, XV-XIX зууны үед хийсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар, гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, Их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей гээд 5000 орчим сонирхолтой үзмэрүүд тус музейд хадгалагддаг байна. 

Холбоотой мэдээ