Ц.Бумангэрэл: Багш, эцэг эхийн хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжилд ахиц гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-19 15:58:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Дундговь аймгийн БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэлтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.


-2019-2020 оны хичээлийн жил эхлээд хагас сар өнгөрч байна. Шинэ хичээлийн жилдээ бэлтгээд, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн үү, хичнээн сургууль, цэцэрлэгт хэдэн хүүхэд хичээллэж байна вэ, мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан уу?

-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж аваад, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ жигдэрлээ.

Манай аймгийн 15 суманд Ерөнхий боловсролын 19 сургуульд 8000 гаруй хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид шинээр 987 хүүхэд элсэн орж суралцаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэгт 3500 орчим хүүхэд хамрагдаж байна.

ЕБС-уудын багш нарын судалгааг авсан. Есдүгээр сарын 2-ны байдлаар 28 багш дутагдалтай байгаа. Бага ангийн багш, монгол хэл, англи хэл, түүх, орос хэл, математик, технологи, дүрслэх урлаг гээд мэргэжил болгонд 1-2 багш дутагдалтай байгаа. Сургуулиуд нээлттэй зарлаж, багш нараа авч байна.

-Сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал ямар байна, сурах орчин, нөхцөл хэр зэрэг бүрдсэн бэ?

-Манай аймгийн хувьд энэ жил аймгийн төвд нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 22 дахь цэцэрлэг маань үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Сайнцагаан сум найман цэцэрлэгтэй болж байна гэсэн үг.

Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийг буулгаж, шинээр барилга барих ажлыг хийж байгаа. Энэ цэцэрлэг өмнө нь 100 хүүхэд хүлээх авах хүчин чадалтай байсан бол одоо шинээр барих барилга 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжинө. Энэ ондоо багтаагаад хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Одоо тус цэцэрлэг Мандал сургуулийн байрны нэг жигүүрт хичээллэж байгаа.

Аймгийн төвийн цэцэрлэгүүд нэлээн ачаалалтай ажиллаж байна. Бүх цэцэрлэг үндсэн хүчин чадлаасаа илүү хүүхэд авч байгаа. Стандартаар 25-30 хүүхэд авах ёстой, цэцэрлэгүүдийн зарим анги 40 гаруй хүүхэд хүлээж авсан ийм байдалтай байна.  Гэхдээ найман цэцэрлэгтээ Сайнцагаан сумын хүүхдүүдийг 100 хувь хамруулах зорилго тавиад ажиллаж байна.

Мөн энэ хичээлийн жилд Баянжаргалан суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Өндөршил суманд цэцэрлэгийн барилга шинээр барьж байна.

Ингээд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын байр, орчин нөхцөл харьцангуй сайжирч байна гэж ойлгож болно. Сургуулийн хувьд ч мөн адил. Аймгийн төвийн сургуулиудад ангиудын ачаалал сумдынхаас харьцангуй их байдаг.

-Энэ хичээлийн жилийн онцлог юу вэ, ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?

-Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө Дундговь аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн 700 гаруй багш, удирдах ажилтны сургалтыг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Үндэсний сургагч багш нарын баг хамтран зохион байгууллаа.

Энэ нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгж дээр хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалт байсан.

БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч, хуучин сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж, багш нарт тулгамдаад байсан асуудал, хүүхдүүдийн судалж байгаа хичээлийн агуулгын ихсэл, багасал, давхцал гээд бүгдийг шинжилж, судлаад сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийсэн. Энэ хөтөлбөр бол сурагчдын ачааллыг багасгах, багшийн бичиг цаасны ажлыг хөнгөвчилсөн, агуулгын хувьд давхцал багатай, сайжруулсан хөтөлбөр гаргасан.  

Тиймээс энэ жил бол энэхүү шинэ хөтөлбөрийг сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх онцлог хичээлийн жил болж байна.

Ер нь энэ хичээлийн жилд БСШУСЯ-наас 11 зорилтыг дэвшүүлсэн. Бүх шатны сургалтын байгууллагын багш бүр хичээл, сургалтынхаа бэлтгэлийг чанартай ханган үр дүнтэйгээр хэрэгжүүлж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжилд ахиц гаргана гэсэн зорилго дэвшүүлж, энэ зорилгынхоо хүрээнд сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсон байгаа.

Энэ өөрчлөлтөөр багш зохицуулах цагтай болж байгаа. Багш нарт өөрт нь хичээл давтлагын тусгай цагтай болсон гэсэн үг. Хүүхдүүдийг хоцрогдолгүй сургах цагтай болж байгаагаараа энэ сургалтын шинэ хөтөлбөрийн онцлог болж байгаа юм.

Мөн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид багш нартай тулж ажиллах хэрэгцээтэй болж байгаа. Тиймээс энэ хүмүүсийг багш нартайгаа хамтарч ажиллах, ажиллагааг нь дэмжих, хичээлийн явцад судалгаа шинжилгээ хийх, ёс зүй, харилцаа хандлагаар манлайлах зэрэг чадвар эзэмшүүлэх чиглэсэн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулна.

Бүх суралцагчдыг сурах бичигтэй байлгах зорилгоор халамж шаардлагатай эмзэг бүлгийн хүүхдүүдэд сурах бичгийг үнэ төлбөргүй, бусад хүүхдэд тодорхой хэмжээний төлбөртэй түрээсээр ашиглуулж, номын нөөцийг нэмэгдүүлэх бодлого барьж, энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа.

Сургалтын байгууллагын үнэлгээг хамт олных нь оролцоотойгоор үнэлж, байгууллага өөрийнхөө хөгжлийн төлөвлөлтөө хийдэг болж байгаа. Өмнө нь оролцоон дээр суурилсан хөгжлийн төлөвлөгөөтэй байгууллага ер нь бараг байдаггүй байсан.

Түүнээс гадна сургалтын байгууллагын орчны аюулгүй байдлын стандартууд батлагдсантай холбоотойгоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын талын ажлуудыг бүх шатандаа анхаарч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Хүүхдийн сурлага, хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудалд эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, түүнийг нь ойлгуулах чиглэлээр ажиллах зорилт тавьж байна. Эцэг эхчүүд сургуульд хүүхдээ даатгаад орхидог энэ байдлыг өөрчилнө гэсэн чиг өгч байгаа.

-Яамнаас дэвшүүлсэн зорилтоос гадна аймгийн хувьд онцлог, нэмж дэвшүүлж байгаа зорилт байгаа юу?

-Манай аймгийн боловсролын байгууллагын хамт олон өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнээд, шинэ хичээлийн жилдээ шинэ хөтөлбөр, агуулгын хүрээнд ажиллахаар зорилго, зорилт, чиглэлээ гаргаад ажиллаж байна.

Манай аймгийн хувьд онцлог нь юу вэ, гэхээр математик, байгалийн ухааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ чиглэлээр хүүхдүүдээ түлхүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа. Өнгөрсөн жил энэ чиглэлээр олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан. Ер нь аймгийн хэмжээнд ЕБС-ийн нийт хүүхдийн 50 хувь нь Сайнцагаан суманд байдаг. Тиймээс Сайнцагаан сумын ЗДТГ өнгөрсөн жил математик, байгалийн ухааны хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж их үр дүнтэй ажилласан.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Японы ЖАЙКА-ийн сайн дурын ажилтан манай аймагт ажиллаад, байгалийн ухааны хичээлийг энгийн зүйл ашиглаад яаж туршилт хийж, үр дүнтэй явуулах вэ гэсэн сургалтын арга зүйг манай багш нарт эзэмшүүлсэн.

Математикийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд манай хүүхдүүд энэ хавар ЭЕШ-ын дунджаараа улсын хэмжээнд эхний долоод, математикийн хичээлээр гуравт жагсаж чадсан. Өмнөх жил нь дундаж оноогоор 15-д орж байсан. 

Байгалийн ухааны хичээлүүд маш олон мэргэжлийн суурь болдог. Тиймээс энэ хоёр судлагдахууныг онцгойлон бодлогоор хөгжүүлэх зорилт болгож дэвшүүлсэн.

-Манай аймгийн хувьд боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт, дэмжлэг юу байна вэ? Шинээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Аймгийн Засаг даргын зүгээс “Эрдмийн далай”, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулиуд, БСУСГ-ыг тест шалгах машинтай болгосон. Энэ машин нэг минутад 30 хүүхдийн материалыг шүүж, дүнг гаргадаг. Тиймээс дэвшилтэт энэ технологийг нэвтрүүлснээр багш нарын цаг, зав, хөдөлмөрийг маш их хэмнэх боломж бүрдэж байгаа гэсэн үг.

Энэ жил 13 сургуульд математик, физик, химийн 17 иж бүрэн туршилтын кабинет байгуулахаар яамнаас шийдсэн. Тэгэхээр байгалийн ухааны хичээлүүд зориулалтын туршилтын анги танхимд хичээллэх боломжтой болох юм.

Дундговь аймгийн сургууль, цэцэрлэг соёлын байгууллагуудын хувьд засвар хийх шаардлагатай 32 барилга байгууламж байгаа. Энэ барилга, байгууламжийн засварт 6,5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2020 оны төсөвт суулгах гээд Сангийн яам, холбогдох байгууллагуудад санал хүргүүлээд байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг аймагт айлчлах үеэр үүнийг танилцуулсан. Сайдын зүгээс “шинэ барилга барихаас илүү тэр зардлаараа хуучин барилгуудаа нэг удаадаа сайн засах нь зөв юм” гэсэн чиглэл өгсөн. Тиймээс энэ зардал шийдэгдэх байх аа гэж бодож байна.  

Нэлээд хуучирсан, шинээр барих шаардлагатай зарим нэг цэцэрлэгийн барилга байгаа. Түүнийгээ шат дараатайгаар сайжруулах шаардлагатай.

Цагаандэлгэр сумын цэцэрлэгийг сүүлд барьсан боловч технологийн алдаатай барьсан учраас хичээллэх боломжгүй гээд хаагдсан, тиймээс хуучин БАМ-ын барилгыг аймаг, сумаас хөрөнгийг шийдээд засварлаад хичээллэх арга хэмжээ авч байна. Энэ мэтчилэнгээр сурах орчныг сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөөд явж байна.

-2019-2020 оны шинэ хичээлийн жилийн эхэнд багш, эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Эцэг эхчүүдэд л хандаж хэлмээр байна. Хүүхдүүдээ байнга анхаарал тавьж байх хэрэгтэй. Нэгдүгээр ангид байхад нь хүүхдээ яаж анхаарч байна, түүн шигээ анги ахисан гэлтгүй хүүхдүүдээ анхаарч, утаснаас хөндий байлган, номтой нөхөрлүүлж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэхэд тусалж байгаасай гэж хүсч байна.

Сургууль болон ХГБЗХГ, БТСГ-т хүүхдүүдийг хөгжүүлэх дугуйлангууд хичээллэж байгаа. Хүүхдүүдээ тэдний өөрсдийнх нь сонирхлын дагуу дугуйланд явуулж, зөв хөгжүүлээрэй, хүүхэддээ амттан авч өгөхийн оронд ном авч өгч, номтой нөхөрлүүлж, ном уншдаг соёлыг төлөвшүүлээрэй гэж хэлье дээ.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ