Дорноговийн уул уурхай ба тусгай зөвшөөрөл-2

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-19 12:28:35

Дорноговь /МОНЦАМЭ/.Сумдын нутгаар явж байхад уул уурхайн компаниудад олгосон тусгай зөвшөөрлүүд хийгээд үүнтэй холбогдсон сөрөг асуудлууд чих сэртхийлгэх.

Бас нээлттэй ил тод байдал үгүйлэгдэж буйг ярьж байсан юм.Тиймээс дараагийн хэсгийг тусгай зөвшөөрөл сэдвээр бэлтгэв.


 Цуврал-2

Аргалийн уулын тусгай зөвшөөрлийг цуцалбал нөхөн төлбөр төлнө

 

Аргалийн уул. Энд 400 орчим аргаль хонь идээшилж байна. 

 Баримт-1.

Дорноговь аймгийн хэмжээнд хэчнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байгааг сум тус бүрээр нэгтгэж графикт харуулав.

Дээрх тоо 2018 оны жилийн эцсийн үзүүлэлт тул энэ оны есдүгээр сар хүртэл бага зэрэг өөрчлөгдсөн байх магадлалтай.

Гэнэт л гэрийнх нь өвөлжөө, голлох бэлчээр, худаг ус, тахилгат хайрханы дэргэд өрөм зоогоод газар ухаад эхлэхээр иргэд дургүйцсэн хэрэг.

Жишээ нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дахь Аргалийн уул орчимд тусгай зөвшөөрлийг нутгийн иргэдийн шүтээн уул, бэлчээр, ус хийгээд агнахыг хориглосон ховор ан амьтны амьдрах нөхцөлийг нягтлалгүйгээр олгосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.

Аргалийн Уул орчимд “Эгшиглэнт Уул” ХХК  ашигт малтмалын хайгуулын XV-014031 тусгай зөвшөөрлийг 2008 оны 08 дугаар сарын 20-нд, XV-013211 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 дүгээр сарын 29-нд тус тус авсан бөгөөд Аргалийн Уул, түүний ойр орчимд нийт 23 мян.га газар эзлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Энэ нь уул орчмын нийт газрын 60 хувийг эзэлж буй.

Аргалийн уул нь байгалийн ховор унаган төрх бүхий, ховордсон ан амьтан болох 400 гаруй аргаль хонь  болон  бор зээр, ардын уламжлалт анагаах ухааны эмчилгээний ургамал их байдаг аж.

Мөн рашаан устай, өвөлжилт хүндэрсэн үед сумын төдийгүй Дорноговь аймгийн зүүн талын зургаан сумын отрын бүс нутаг болох 360 гаруй өвөлжөөтэй, говийн Баяндулаан гэж нэрлэгдсэн газар аж.

Уул орчимд соёлын өв болох түүхэн орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгал болон эртний булш, бунхан, хиргисүүр, хадны сүг зураг, хийдийн туурь зэрэг 130 гаруй дурсгал, түүх, соёлын үл хөдлөх дурсгал бий.

Сүүлийн хоёр жил дамнан маргаантай байгаа асуудал шүүхэд шилжжээ. Нутгийнхан аргаль янгирын амьдрах орчин, шүтээн болсон хайрханаа ухуулахгүй гэж эсэргүүцэж байгаа бол зөвшөөрөл эзэмшигч компани өнгөрсөн хугацаанд хайгуулын ажилд зарцуулсан зардал буюу 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр нэхэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14.4.-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заажээ.

Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг цуцлах хэд хэдэн заалт бий. Лицензийн төлбөрөө төлөөгүй эсвэл байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд.

Харин өөр нэг заалт нь тусгай зөвшөөрөл хүчинтэй үед газрыг хамгаалалтад авах шийдвэр гаргавал улс лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгох, эсвэл өөр орд газар дүйцүүлэн өгөх хуулийн заалт. Орон нутгаас тусгай зөвшөөрөл цуцлуулах тохиолдолд нөхөн төлбөр төлнө.

Аргалийн уул орчмын газрыг аймгийн ИТХ-ын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна.

Энэ бол байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээх үүргээ гүйцэтгээгүйн улмаас тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниудаас тусдаа асуудал юм. Яг ийм нөхцөл байдал Дорноговийн Хөвсгөл суманд ч тохиолдоод байгаа.

Тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр, хэтэрхий туйлшруулж, олгосны гор нь нутгийн байгаль орчин, иргэдээс гадна тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаанд ч  хүндээр тусч байна.

 

АМГТГ тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгийн саналыг тусгахдаа хойрго ханддаг

 

Эх сурвалж: Дорноговь ЗДТГ

 

Баримт-2.

Зураг дээр Засгийн газрын тогтоолоор 2018 оны нэгдүгээр сард Дорноговь аймагт 200 гаруй байршилд сонгон шалгаруулалт зарласан тухай тэмдэглэжээ.

Харин энэ саналд орон нутаг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн ч саналыг үл тоож ашигт малтмалын зөвшөөрөл олгоод байгаа тохиолдол гарчээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны гуравдугаар сарын 05-ны 15 дугаар хуралдаанаар 13 сумын 210 байршилд 807010,8 га газрыг хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоолыг дагалдах материалын хамт АМГТГ-т хүргүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь  Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүй, кадастрын зураг зүйн бүртгэл, ашигт малтмалын мэдээллийн санд бүртгэж улмаар нөөц талбайгаас гаргуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь шат шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэсэн тогтоолыг бүртэлгүйгээр сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг Засгийн газрын 243 дугаар тогтоолоор гаргуулсан нь нутгийн өөрөө удирдах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж орон нутгаас үзжээ.

Өөрөөр хэлбэл орон нутгийн саналыг тусгалгүй хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон нь нутгийн иргэдийг бухимдуулж буй гэх.

Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй бол сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болно гэж заасан тул дээрх газар хүчин төгөлдөр хэвээрэй гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Сүүлчийн жишээ дурдахад Хамарын хийдийн орчимд тусгай зөвшөөрлийг олгохдоо орон нутгийн тусгай хамгаалалттай газартай  давхардуулан олгосон явдал.

Энэ нь цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо анхаарах асуудлын нэг бөгөөд сургамж авахаар үйл явдал болсон юм. 

 

С.Уранцэцэг:Тусгай зөвшөөрлийг цуцлуулаад байхад л биднээс хамаарахгүй дээрээс шийдээд байна

 

Баримт-3.

Тусгай зөвшөөрлийг хавтгайруулж олгох явцад зөвхөн Даланжаргалан гэх ганцхан суманд зуу гаруй лиценз олгосон нь нэг аймгийн тусгай зөвшөөрлийн тооноос ч их байна.

Байгаль орчны тулгамдсан асуудал хийгээд тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим асуудлаар Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэгтэй уулзаж тодруулав.

-Засгийн газрын тогтоолоор танай суманд олон байршилд хайгуулын сонгон шалгаруулалт зарлажээ. Дахин тусгай зөвшөөрөл хүлээн авах, шингээх даац байна уу?

-Сумын Засаг даргын ажлыг 2016 онд хүлээн авахад 114 тусгай зөвшөөрөлтэй байсан. УИХ-ын гишүүн болон аймгийн Засаг даргын барьж байгаа бодлогын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг аль болох багасгах, чиглэл баримталснаар өнөөдөр 94 болтлоо цөөрсөн.

Цуцлуулсан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөж байна. Тухайн компани хууль зөрчиж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг хайгуулын шатанд байхад нь цуцлуулахгүй бол нэгэнт ашиглалтын зөвшөөрлөө авчихсан үед цуцлуулахад хүндрэлтэй.

Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан тохиолдолд тухайн компанийн гаргасан зардлыг хэн төлөх, дээрээс нь шүүх цагдаагийн асуудал гээд сунжирдаг.

Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалт зарлахад ус, агаар, хөрсний асуудалд сөрөг нөлөөтэй, дээрээс нь малчдын мал аж ахуй эрхлэх боломж нөхцлийг хааж байна гээд татгалзсан санал явуулахад хуульд нийцсэн татгалзал биш гэсэн хариулт өгдөг.

Мөн Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж ажиллана уу гэсэн хариу ирүүлдэг. Ингээд биднээс шалтгаалахгүйгээр дээрээс олгоод байна.

 

-Баяжуулах үйлдвэрийн далангийн ус өмхийрч үнэр нь тархаад орчны эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэж иргэд ярилаа. Энэ асуудлыг хэрхэн  шийдвэрлэж байна вэ?

-Хариуцлагагүй уул уурхайн нөлөөллөөс үүдэж манай суманд байгаль орчин,  хөрс ус, агаарт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. "Эко хэлхээ" ХХК-ийн далангийн ус сэтэрч урссан  асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх, үнэрийг саармагжуулах шаардлага тавьж байгаа.

Сүүлчийн байдлаар тухайн компанитай зөвшилцсөний дагуу мэргэжлийн компанид санал тавьж үүссэн нөхцөл байдалтай холбоотой бүх төрлийн шинжилгээг авч дүгнэлт гаргах ажил үргэлжилж байна.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсаны дараа цаашид  хэрхэн яаж ажиллах талаар тухайн компанид шаардлагаа тавьж ажиллана гэв.

 Хайгуулынх цөөрч ашиглалтынх нэмэгдэв

 

Эх сурвалж:https://www.mrpam.gov.mn/, Дорноговь аймгийн ЗДТГ.

 

Тусгай зөвшөөрлийн тоо Дорноговьд ямар байгааг 2019 оны байдлаар харуулав. Жонш, нүүрс, барилгын материал, төмрийн хүдэр, гөлтгөнө зэрэг төрлөөр ашигт малтмалын 20 орчим уурхай баяжуулах үйлдвэрүүд Дорноговьд ажиллаж байна.

Үүнээс гадна Монголын цементийн зах зээлийн тус бүр 30 гаруй хувийг хангадаг "МОНПОЛИМЕТ", "МАК" ХХК ажиллаж байгаа.

Баяжуулах үйлдвэрүүдийн ихэнх нь Айраг, Даланжаргалан, Иххэт суманд төвлөрсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2015-2016 онд Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хайгуул, ашиглалтын 90 гаруй тусгай зөвшөөрлийг “Бөөндсөн” түүхтэй. 

Тоон мэдээллээс харахад Дорноговьд олгосон тусгай зөвшөөрлийн тоо буурсан үзүүлэлттэй. Харин ашиглалтынх нэмэгдсэн байна. Хайгуул хийж нөөцөө тогтоосон тохиолдолд хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авна.

Тусгай зөвшөөрөл авчихаад тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулдаггүй, эсвэл баялгийг нь ухаад нөхөн сэргээлт хийдэггүй, тусгай зөвшөөрлөө хэн нэгэнд дамлан худалдах, арилжих, бусдад шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэстэй давхацсан зэрэг асуудал гарсан тул үүнийг цэгцлэх, дахин олгуулахгүй байхыг сүүлийн жилүүдэд орон нутгаас анхаарч байна.

Үүнээс гадна тухайн газарт хайгуул хийгээд нөөц тогтоогдоогүй, эсвэл нөөц бага байх, ашиггүй байх тохиолдолд тусгай зөвшөөрлөө цуцлуулж байна. Одоогийн байдлаар Дорноговь 100 орчим тусгай зөвшөөрлийг цуцлуулжээ.

 Улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурчээ

 

Эх сурвалж:https://www.mrpam.gov.mn/

 Дорноговьд тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан байгаа бол улсын хэмжээнд ямар байгааг сонирхов. Графикаас улсын хэмжээний тусгай зөвшөөрлийн тоо буурсан байгааг харж болно. Зах зээлийн эхний жилүүд буюу 1994 онд Монгол Улс Ашигт малтмалын тухай хууль баталснаар уул уурхайн салбартаа шинэ үзэл баримтлалыг нээсэн бол 1997 оны хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг татах эхлэлийг тавьсан.

Хуулийн үзэл санаа нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар буюу хэн түрүүлж өргөдлөө өгч хүсэлтээ гаргасанд олгох зарчим баримталсан нь компаниуд хүссэн талбайдаа лиценз авах боломж бүрдсэн юм.

Нэг талдаа гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон ордууд нээгдэж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах том төслүүд урагш ахиж, эрдэс баялгийн салбарын эрэл хайгуул нэмэгдсэн гээд дэвшилттэй өөрчлөлт гарсан ч хавтгайруулж олгосон тусгай зөвшөөрлөөс үүдэж байгаль орчин сүйдэх, эвдэрсэн талбай нэмэгдэх, уламжлалт мал аж ахуйтай харшлах зэрэг олон сөрөг үр дагавар гарсан юм.

Үүнээс гадна улсын хэмжээнд 2012 оноос эхлэн геологи хайгуулын ажлын хэмжээ жил дараалан буурсан үзүүлэлт байгаа нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаснаас үүдэж хөрөнгө оруулалт буурсантай холбоотой аж.

 Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлж буй таван аймаг 

 

Эх сурвалж:https://www.mrpam.gov.mn/

 Тэгвэл тусгай зөвшөөрлөөр улсад тэргүүлж байгаа таван аймгийн тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг сонирхоё. Мөн л хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтынх үл ялиг өсөх хандлагатай. 

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо улсын төсвийн хөрөнгөөр болон хувийн санхүүжилтээр геологи хайгуулын ажил гүйцэтгэж, нөөц тогтоогдсон талбайг сонгон шалгаруулалтаар, бусдыг нь өргөдлөө түрүүлж өгсөнд олгодог байсан.

2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тусгай зөвшөөрөл олгох процест хориг тавьснаар Ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн удаа  өөрчлөлт орж өнөөг хүрчээ.

Харин Ашигт малтмалын хуульд 2017 онд оруулсан өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор хуульчилсан нь хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрөх шалтгаан болсон талтай.

Нөгөөтэйгүүр Засгийн газраас байгаль орчин сүйтгэж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй, төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй компаниудын зөвшөөрлийг цуцалж байгаа нь нөлөөлж байна.

 

Уул уурхайн салбараас орон нутгийн иргэд хариуцлага нэхэж байна

 

Дорноговь аймгийн Өргөн сумын иргэд.

Эдүгээ Дорноговийн уул уурхайн салбараас иргэд хариуцлага нэхэж ил тод нээлттэй байхыг шаардаж байна.Хаа нэгтэйгээс урилгагүй зочин гэнэт ирж хаяанд нь өрөм зоож газар ухдаг байдлыг халахыг тэд хүсчээ.

Ингэхийн тулд цаашид компаниудтай хийх гэрээг сайжруулах, уул уурхайн үйл ажиллагааны талаарх зөв мэдээллийг иргэдэд хүргэх, олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагааны ил тод байдлын гурван талт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж хэвших хэрэгтэй гэдгийг иргэний нийгмийн төлөөлөл хэлсэн юм.

Үнэхээр хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө авч орон нутгийн иргэдэд халгүй, улс оронд ашигтай, байгаль орчинд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд заавал эсэргүүцэх шаардлага байхгүй гэж иргэд учирлаж буй.

Уул уурхайн компаниудын нээлтэй байдлыг хэрхэн хангаж байгаа туршлага энүүхэн Дундговь аймгийн Өлзийт суманд буйг малчдын төлөөлөл ярьсан.

Тухайлбал Өлзийт суманд уул уурхайн компаниуд, төрийн төлөөлөл, иргэдийн оролцоотой гурван талт хэлэлцүүлгийг зохион байгуулж хэвшсэн. Компаниуд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл тайланг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг нь сонсдог, тайлангаа тавьдаг жишиг тогтжээ.

Харин сүүлийн жилүүдэд Дундговьд хамтын ажиллагааны гэрээг аймгаас нь хүч түрж шийдээд байгаа аж.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн тоо цөөрч байгаа ч сүүлийн жилүүдэд Дорноговьд уул уурхайн зөвлөгөөн жил бүр болж компаниудын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын гэрээ хийж, орон нутгийг иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж татвар, хураамжийг цаг тухай бүрт нь төвлөрүүлдэг болсноор уул уурхайн компаниудын аймгийн төсөвт бүрдүүлсэн татварын орлого 2017 онд 8.1 тэрбум, 2018 онд 11.4 тэрбум болж өсчээ.

Компаниудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Дорноговь Их хөгжил” санд 2017 онд хоёр орчим тэрбум, 2018 онд 750 сая төгрөгийн хандив цугларч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай барилга байгууламж барих зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.  

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компани цаашид эрэл хайгуул хийж нөөцөө тогтоож, Эрдэс баялгийн зөвлөлөөр хянуулж холбогдох хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлөө авах нь зүйн хэрэг тул ирээдүйд Дорноговьд хүчин төгөлдөр байгаа хайгуулын тусгай зөвшөөрлүүд ээлж дараалан ашиглалтынх болно.

Үүнд орон нутаг бэлэн байх шаардлагатай. Мөн хайгуулын лиценз олгох  үйл явцдаа ч АМГТГ-ынхан дүгнэлт хийх хэрэгтэйг албаныхан онцлов.

Хэрэв тухайн газрыг мэдээллийн санд бүртгэхдээ кадастрын зураг зүйн бүртгэлийг сайтар хийхгүй, хайнга хандах, орон нутгийн саналыг хүлээн авахгүй байвал тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил маргаан үл тасрах болно.

Үүнээс гадна орон нутаг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад тавих шаардлагаа чангатгах хэрэгтэй юм.

Цаашид монгол орны эрдэс баялгийн салбарын эрэл хайгуулыг эрчимжүүлэх, орд нээх, томоохон төслийг хөдөлгөх төр засгийн бодлогыг орон нутаг дэмжиж байнга татгалзах биш оновчтой бодлогоор хандах нь чухал гэдгийг судлаачид сануулж буй.

Тусгай зөвшөөрөл гэх харахад алга дарамхан цаасны цаана хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө эргэлдэж, бүтээн байгуулалт өрнөж байдаг тул анхнаасаа хуулийн дагуу зөв явж хэвшвэл уул уурхайн салбар голдрилоороо хөгжих боломжтой.

Мордохын хазгай гэгчээр туйлшруулж олгосон тусгай зөвшөөрлүүдийн "Балаг" дуусаагүй бөгөөд Монголын уул уурхайн хөгжлийг хойш нь чангаасан юм.

Нэг нь муу нэр зүүвэл нийтээр нь харлуулдаг манайхны сэтгэлгээ ч энэ салбарт нөлөөлсөн.

Тусгай зөвшөөрлийнхөө тоогоор улсад Төв аймгийн дараа аман хүзүүнд хурдалж яваа Дорноговийн уул  уурхайг дурдахын учир ийм буй. 


Холбоотой мэдээ