Олимпийн эрхийн төлөө барилдсан бөхчүүд дагах барилдаан хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-20 11:51:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий гурав дахь өдөр /2019.09.19/ эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Б.Шоовдор, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд гарч хүч үзлээ.


Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс Д.Шоовдор /олимпын бус жин/ ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан бол С.Батцэцэг, Э.Бэхбаяр, Т.Тулга /бүгд олимпын жин/ нар гуравдугаар тойрогтоо тус тус ялагдаж, өнөөдөр дагах барилдаан хийхээр болов.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекстаны Нилуфар Гадаеватай таарч 25 секундэд цэвэр ялсан. Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдлаа. Тэд олон удаа барилдаж байсан юм. С.Батцэцэг, Анастасияг юу ч хийлгэлгүй, оноо авсаар 6-0-ээр хожлоо. Дараагийн тойрогт Шведийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтой барилдаж 5:6-гаар харамсалтай ялагдсан юм. С.Батцэцэг өнөөдөр Туркийн Бусе Тосун, Францын Кумба Ларрок нарын ялсантай дагах барилдаанд хүч үзнэ.


Эрэгтэйчүүдийн 57 кг-д “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Тажикстаны Мухамад Икромовыг 8:6-гаар, Узбекстаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд орохын төлөө 2018 оны дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай анх удаа таарч барилдсан. Энэ барилдаанд Э.Бэхбаяр 2:5-аар ялагдаж, энэ бөхийн дараагийн тойрогт хэрхэн барилдахаас хамааралтай болов. Э.Бэхбаяр дагах барилдаанд Азербайжаны Махир Амираслановтой таарсан. Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт, 22 настай А.Махир, Заур Угуевт тун маргаантай ялагдсан. Манай бөх түүнийг ялахад Ираны Реза Атритай хүч үзнэ. Ираны бөхийг ялбал хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Р.Кумартай барилдах юм байна.


Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт, анх удаа ДАШТ-д оролцож байгаа Мария Кузнецоватай таарсан. Эхний үед 2:3-аар хожигдож байсан ч хоёрдугаар үед оноогоо нөхөж, 3:3-аар яллаа. Э.Гантуяа 1/8-д Канадын Aна Паула Гонзалезтай барилдан 2:1-ээр ялав. Дараагийн тойрогт БНАСАУ-ын Рим Жон Симд 5:6 ялагдаж тэмцээнээ дуусгалаа.


Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын /якут бөх/ Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдаж, 5:2-оор ялсан. Тэр хоёрдугаар тойрогт Масуд Ниазиг (Нидерланд) цэвэр ялсан. Ийнхүү 2 дараалан ялсан ч Казахстаны  Даулет Ниязбековт 2:4-оор ялагдлаа. Манай бөх өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Холбоотой мэдээ