Монгол, Энэтхэгийн төрийн тэргүүн нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-21 04:14:36
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндтой Дели хотноо Ерөнхийлөгчийн ордонд  өнөөдөр уулзлаа.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулад БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд урилга хүлээн авч айлчлан ирсэнд талархаж, энэ удаагийн айлчлал нь хоёр орны ойр дотно хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Төрийн тэргүүн оюун санааны хөрш орон Энэтхэгт Төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд, халуун дотноор угтан авсан Энэтхэг анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд хоёр улс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох 65 жилийн ойг ёслол төгөлдөр, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн санал нэгдэв. Мөн буддизмд суурилж, газар зүйн байршлаас үл хамааран нягт холбогддог хоёр улс бурхны шашны чиглэлээр хамтран ажиллах, тэр дундаа Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд байх эртний судар бичгүүдийг цахимжуулан, илүү өргөн хүрээнд олон нийтийн хүртээл болгох ажлыг дэмжиж ажиллах асуудлаар ярилцсан.


Түүнчлэн сансар огторгуй, цахимжуулах ажил, кибер аюулгүй байдал зэрэг өсөн нэмэгдэж буй эдийн засгийн үр ашигтай салбаруудад хамтран ажиллах, одоогийн харилцааг өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгтэй талууд санал нэгдсэн билээ. Мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд газрын тос боловсруулах үйлдвэр цаг хугацаандаа баригдаж, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ