Сүүлийн 5 жилд Сэлэнгэ аймагт сүрьеэ өвчний 1042 тохиолдол шинээр бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-23 21:28:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулган Сэлэнгэ аймагт энэ сарын 20-ны өдөр боллоо. Чуулганаар үндэсний хэмжээнд сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж байгаа саад бэрхшээл, цаашид авах арга хэмжээг төлөвлөх, ялангуяа орон нутгийн түвшинд хийх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах талаар хэлэлцлээ. 

Чуулганд ЭМЯ, нийслэл хот, 21 аймгийн Засаг даргын орлогч, ЭМГ-ын удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, НЭМҮТ-ийн нийт 400 гаруй төлөөлөгч оролцлоо.

Дэлхий дахинаа жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол, сүрьеэгийн 10 сая тохиолдол бүртгэгддэг байна. Манай улсад сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2019 оны эхний 7 сарын байдлаар 100000 хүн амд ногдох өвчлөл 73 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс өсчээ. Мөн 100000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл 106 байгаа гэв. Иймд цаашид сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын оролцоо, дэмжлэгтэйгээр орон нутгийн төсвөөс зарцуулах санхүүжилтыг нэмэгдүүлж, халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар хүн амын дундах  сүрьеэ, тэмбүүгийн тархалтыг бууруулж чадна хэмээн үзэж энэхүү үндэсний хэмжээний чуулганыг шийдвэр гаргагч нарын сонорт хүргэн явуулж байгаа юм байна.  

Сэлэнгэ аймаг нь 43.0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 17 сум, 6 тосгонд 109255 хүн ам оршин суудаг. Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд сүрьеэ өвчний 1042 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 10000 хүн амд өвчлөлийн түвшин 19.6,  тэмбүү өвчин сүүлийн 5 жилд 1048 шинээр бүртгэгдсэн нь 10000 хүн амд 18.7 хүн ногдож, өвчлөл нэмэгдсэн аж. Сэлэнгэ аймгийн удирдлагууд сэлэнгэчүүдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван амьдралын орчныг бүрдүүлэх бодлогын тодорхой зорилтуудыг дэвшүүлэн үе шаттай ажил арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлсэн нь илт үр дүнд хүрч буй туршлагыг чуулганы үеэр онцоллоо.

Тухайлбал “Хэнийг ч үл орхигдуулах нь” зарчимд тулгуурлан “Эрүүл сэлэнгэ иргэн”-ийг бий болгох зорилгоор “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгиийн цогц үзлэг”-ийг 15 сум, 6 тосгонд зохион байгуулж, нийт 50.000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, бүртгэснээр улсын хэмжээнд анх удаа эрүүл мэндийн мэдээллийн “Сэлэнгэ цахим сан”-г бий болгов. Мөн ард иргэдийн эрүүл мэндэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд 2016-2019 эхний хагас жилийн байдлаар нийт 135.7 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэжээ. Цаашид эрт илрүүлгийн үзлэгийг тогтмолжуулан бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, 2021 он гэхэд “Сүрьеэгүй Сэлэнгэчүүд”, “Тэмбүү өвчингүй сумд” болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Энэ ч утгаар Сэлэнгэ аймгийн сайн туршлагыг бусад аймагт харуулах зорилгоор энэхүү чуулганыг тус аймгийг сонгон хийжээ.


Олон эмэнд дасалтай сүрьеэг 24 сараас 9 сар болгожээ

Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасалтай сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношилгооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байгаа аж. Гэвч дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байв. Ингээд чуулганд оролцож хэлсэн зарим мэргэжилтнүүдтийн яриаг хүргэе.   

ДЭМБ-ын мэргэжилтэн П.Анузаяа: “Сүрьеэ өвчин бол дэлхийн дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.

Нийт халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан нь сүрьеэ өвчин гэж зарладаг. ДЭМБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын 2030 он хүртэлх хугацаанд тавьсан зорилт маань 193 гишүүн орнууд хамтдаа цугларч сүрьеэ өвчинтэй тэмцэх, мөн өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилтуудыг тавин ажиллаж байна.
Дэлхийн түвшинд улс орнуудад жил бүр 3
.6 сая хүн энэ өвчнөөр шинээр өвчилж байна. Тиймээс далд хэлбэрийн сүрьеэг илрүүлэхэд  үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэх зөвлөмжийг гаргаж байгаа. ДЭМБ нь сүүлийн жилүүдэд мэргэжил болон арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Цаашид чанартай тусламж дэмжлэг үзүүлэх, сүрьеэ болон тэмбүүгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол болон сэргийлэх арга замыг нь дээшлүүлэх, мэдлэг олгох гэх мэт ажлуудыг үе шаттай зохион байгуулах нь зөв юм. ДЭМБ-аас “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги 2016-2021"-ийг 2016 онд баталж, 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд төрөлхийн тэмбүүг өвчний тохиолдлыг 100 мянган амьд төрөлтөд 50-иас доош бууруулах, 2030 онд дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах зорилт тавьсан” гэлээ.

Сүрьeэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа: Сүрьеэ өвчнийг илрүүлэхийн тулд богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Бид илрүүлэлтийг хэрхэн дэмжих байгаа вэ гэхээр хамгийн сүүлд хийсэн тархалтын судалгааны дүнгээр хүн амын дунд байх магадлалтай сүрьеэгийн тохиолдлыг 12 мянга гэж тооцоолж гаргасан. Энэ тооцооллоо жилд бүртгэгдэж байгаа 4000 хүнтэйгээ харьцуулахад 3 хүн тутмын нэгийг илрүүлж байна. Илрэхгүй цаана нь үлдэж байгаа хоёрыг илрүүлэхийн тулд идэвхтэй илрүүлэлтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Аль болох дэвшилтэт технологийг ашиглаж үйлчлүүлэгчид чирэгдэл багатай богино хугацаанд илрүүлж байна. Тодруулбал, Дижитал рентген аппаратыг ашигладаг. Илрүүлэлтийг төдий чинээ сайн илрүүлнэ халдвар авах эрсдэлийг илрүүлж зогсоож байна гэсэн үг. Богино хугацаанд энэ өвчнөөс салах боломж халдвар авсан хүн бүрт байна. Ичиж санаа зоволтгүй хот, хөдөө хаана ч харъяа эрүүл мэндийн байгууллага, өрх сумын эмнэлэгтээ хандан оношлуулж газар дээр нь эмчлүүлэх боломжоор эрүүл мэндийн байгууллага хангана. Хамгийн гол нь бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлэх, дахин халдвар авахаас сэргийлэх талаар эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагах авахаас бүрэн эдгэрэх, дахин өвдөхгүй байх боломжтой юм хэмээв.

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа: Сүрьeэгийн оношилгоо, эмчилгээний чадавхийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Глобал сан БЗДХ ДОХ-ын эсрэг санхүүжилтыг олгож ирлээ. Манай сан өнөөдрийн байдлаар 33 сая хүний амь насыг аварч 17.5 сая хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулж, 5 сая сүрьеэтэй өвчтөн, 108 сая хумхаатай өвчтөнийг эмчилсэн. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээс гадна хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг сургах, урьдчилан сэргийлэлт хийхэд санхүүжилтыг шийдэж өгдөг. Глобал сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд манай улсад анх удаа БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үр дүн, 2030 он хүртэл жил бүр бүртгэгдэх ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол, ДОХ-оос үүдэлтэй нас баралт, эмчилгээ шаардлагатай хүний тоо хариу арга хэмжээг хэрэгжүүлэх хувилбарууд, түүнд шаардлагатай санхүүжилтыг тооцсон. Энэ тооцооллоор 2002-2018 онд үндэсний хэмжээнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 17723 хүнийг ХДХВ ийн халдварт өртөхөөс сэргийлсэн бол 2275 хүнийг ДОХ-ын улмаас нас барахаас, ретровирусийн эсрэг эмчилгээнд зарцуулах байсан 116000 ам.долларыг хэмнэж чадсан.

Тооцооллоор 2020 оноос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамралтыг нэмэгдүүлэхгүй бол ХДХВ-ийн шинэ тохиолдол жилд 143, ХДВХ, ДОХ-той нийт хүний тоо 1854, ДОХ-оос үүдэлтэй нийт нас барсан хүний тоо 680, ретровирусийн эсрэг эмчилгээ шаардлагатай хүний тоо 1176 болно гэлээ. 



Холбоотой мэдээ