“Тапа” хар салхины учруулсан хохирлыг зохицуулахаар ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-23 14:22:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын олон иргэнийг гэмтээж, олон зуун нислэгийг цуцлахад хүргэсэн “Тапа” хар салхины учруулсан хохирлыг зохицуулахаар ажиллаж байна гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлаг мэдээлжээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын өмнөд нутгаар “Тапа” хар салхи дайран өнгөрсний улмаас 30 хүн гэмтсэний дунд 3 цагдаагийн ажилтан болон гал сөнөөгч байжээ. Мөн шуурганаас үүдэлтэй ослын улмаас 3 хүн нас барсан хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн боловч албан мэдээллээс үзэхэд тэдний нас барсан шалтгаан “Тапа” хар салхитай холбоогүй байжээ.


БНСУ-ын өмнөд нутагт хамгийн их хохирол учирсан бөгөөд 60 орчим зам үерийн усанд автаж, 70 замын тэмдэг, гэрлэн дохио эвдэрч сүйджээ. Түүнчлэн олон нийтийн болон хувийн байгууламж эвдэрсэн талаарх 600 орчим дуудлага бүртгэгдсэн байна.


Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд гамшгийн уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж, 11800 гаруй гал сөнөөгчийг дайчлан ус шахах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлж байгаа ажээ.


Даваа гарагийн өглөөний байдлаар бүх чиглэлийн нислэг хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд цахилгаан хангамж тасалдсан 27 мянган өрхийг цахилгааныг сэргээжээ. Хүчтэй салхины улмаас 11 нисэх буудлын 248 нислэгийг цуцалсан байна. 

Холбоотой мэдээ