Туркт 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-11 09:31:03

АНКАРА, 2025 оны наймдугаар сарын 11 /BBC/. Туркийн баруун хойд нутгийн Балыкесир мужид ням гаргийн орой 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн гэмтэж бэртжээ. 


Газар хөдлөлтийн голомт болсон Сындыргы хотод нурангид дарагдсан 81 настай эмэгтэй нас барсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 16 барилга нурж, 29 хүн гэмтэж бэртсэн гэж тэрбээр нэмж хэлжээ.


Туркийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 19:53 орчимд болсон бөгөөд Истанбул хотод хүртэл мэдрэгдсэн байна.


Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүн бүрд түргэн эдгэрэхийг хүсэж, сэргээн босгох ажиллагааг сайтар хянан зохицуулж байна гэлээ. Тэрбээр X хуудсандаа “Бурхан манай улсыг аливаа гамшгаас хамгаалах болтугай” хэмээн бичжээ.


Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа дууссан бөгөөд ноцтой хохирол учирсан, хүний амь нас эрсэдсэн өөр бусад тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дотоод хэргийн сайд хэллээ. Харин Сындыргыгийн зургуудаас харахад өндөр байшин барилгууд бүхэлдээ нурсан, төмөр, нуранги овоорсон байгаа нь харагдаж байна.


Турк улс гурван том тектоник хавтангийн уулзварт оршдог тул газар хөдлөлтийн идэвхжил өндөр байдаг. 2023 оны хоёрдугаар сард тус улсын зүүн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 50 мянга гаруй хүн амиа алдаж, хөрш Сирид 5000 хүн амь эрсдсэн байна. Энэ газар хөдлөлтөөс хойш хоёр жил гаруйн хугацаанд олон зуун мянган хүн дүрвэсэн байдалтай хэвээр байна.



Холбоотой мэдээ