Дэлхийг харах цонх. Хонконг яагаад Хятад улсад амин чухал вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-09-23 15:25:25

Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятад улс дэлхийд тэргүүлэхийн төлөө АНУ-тай өрсөлдөж байна. Тэгэхээр коммунист тогтолцоо нь ардчиллаас дутуугүйгээр том улс орныг баян чинээлэг болгодог байх нь ээ? Хүний эрх, хараат бус шүүх, бизнесийн таатай орчны тухайд хэрэгсэхгүй байж болох нь ээ?


Үгүй, тийм биш ээ. Яагаад гэвэл, барууны загвараар бий болсон Хонконг гэдэг эрх чөлөөний арал Хятадад бий. Энэ бол Хятадын болон дэлхийн эдийн засгийг тэтгэгч мөнгөний салхи байнга үлээж байдаг дэлхий рүү харсан цонх юм.    


Барууны компаниуд Хятадад их хэмжээний хөрөнгө оруулж, телефон утас угсарч, хувцас оёж байна. Харин Хятад улс барууны орнуудад цахилгаан станц, зам, гүүр барьж, компаниуд, банкуудыг худалдан авч байна. Энэ бүхний мөнгөн дүн жилдээ хэдэн зуун тэрбум доллароор хэмжигдэх ба уг мөнгөний ихэнх нь Хонконгоор дамждаг. Тодруулбал, Хятадаас гадаадын орнуудад хийж буй шууд хөрөнгө оруулалтын 60 орчим хувь, Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь Хонконгоор дамждаг байна. 


Гэтэл Бээжингийн захиргаанд орсноос хойш 20 жил өнгөрсний дараа Британийн колони байсан энэ нутгийн дээгүүр хар үүлс хуралдах боллоо. Хятад улс өөртөө засах орныг улам чангаар тэвэртээ оруулж, түүний өрсөлдөгчдийг бий болгож, үүнд дургүйцсэн хүмүүсийг айлгахын тулд танкуудаа татан авчирч, сүр хүчийг үзүүлж байна. 

Хятадаас дэлхий рүү харах цонх хаагдах аюул бий боллоо. Энэ нь манай гарагийн хамгийн олон хүн амтай улсын төдийгүй дэлхийн эдийн засагт бүхэлд нь асуудал бэрхшээл үүсгэнэ. Хонконг одоо байгаа энэ хэлбэрээрээ Хятад улсад яагаад амин чухал вэ гэдэг талаар ВВС агентлагийн тоймч А.Калмыковын бичсэнийг сонирхоё.   


Нэг улс-хоёр систем


Өнгөрсөн зууны сүүлчээр Хонконгийг буцааж авсан Хятад улс тус арлын амьдралыг коммунист загвараар зохицуулан өөрчлөх гэж оролдоогүй бөгөөд Хятадын эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгддэг Дэн Сяопиний гэрээсэлсэн ёсоор бүхнийг байгаа хэвээр нь үлдээсэн юм.


Хонконг бол улс төрийн өөр тогтолцоотой, өөрийн гэсэн хуультай, өөрийн гэсэн паспорттой төдийгүй хэл нь ч өөр билээ. Англи маягийн хараат бус шүүхийн тогтолцоотой. Ард иргэд нь үг хэлэх, шүтэн бишрэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг эдэлдэг. Түүнээс гадна Хонконг бол Дэлхийн Худалдааны байгууллагын /ДХБ/ бие даасан, бүрэн эрхт гишүүн бөгөөд өөрийн гэсэн валюттай, худалдааны бодлого ба санхүүгийн зохицуулалтаа бие даан хэрэгжүүлдэг.  


Чухамхүү ийм учраас Хонконг нь Хятадын коммунист тогтолцоо ба барууны ардчилал гэсэн эсрэг тэсрэг хоёр улс төрийн тогтолцоог хооронд нь холбож байгаа юм. Хонконг байгаа учраас хоёр системийнхэн хоорондоо худалдаа хийж, бие биендээ хөрөнгө оруулж байна. Учир нь, мөнгө хөрөнгө ба өрсөлдөөнийг Хятадын Улс төрийн товчоо, Ардын шүүх хоёроос илүү хамгаалж буй тэрхүү дүрэм журмын хүрээнд Хонконг оршин тогтнодог.


Энэ бүхний үр дүнд Хонконг нь Нью-Йорк ба Лондоны дараа орох дэлхийн гуравдагч том санхүүгийн нийслэл болсон бөгөөд сүүлийн 25 жилийн турш жил бүр “дэлхийн хамгийн чөлөөт эдийн засаг” гэж тооцогдож байна. Гэтэл Heritage Foundation сангаас гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Хятад улс 180 улсаас 100-д бичигддэг. Харин байнга нэгдүгээрт бичигддэг Хонконгийн байр суурийг эзлэхээр сүүлийн үед Сингапур улс ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд тэдгээрийн хоорондох зай улам багассаар байгаа юм.


“Шүүхийн хараат бус хүчирхэг тогтолцоогүйгээр Хонконг нь дэлхийн санхүүгийн нийслэл гэгдэх болсон өөрийн өвөрмөц давуу талуудаа алдана. Ази тивд гэхэд татвар багатай, хөрөнгө оруулалтад учрах саад бэрхшээл багатай хотууд цөөнгүй бий. Хэрвээ хөрөнгө оруулагчид болон тэдний хөрөнгийг хамгаалах тал дээр нөхцөл байдал муудваас олон улсын бизнес эрхлэгчид Хонконгоос гарч эхлэх болно. Ингэснээр эдийн засаг нь хүндэрч, улмаар Хятад улс баруун руу гардаг санхүүгийн хосгүй гарцаа алдах болно” гэж Heritage Foundation сангийн шинжээч Тэрри Миллер анхааруулан хэлж байна. 


Худалдааны дайны 2-р фронт


Хонконг энэ дайнд шууд татагдан ороогүй байгаа. Учир нь, америкчууд түүнийг Хятадаас тусдаа эдийн засгийн түнш гэж үздэг. Түүнээс гадна, Хонконг бол Дэлхийн Худалдааны байгууллагын бие даасан гишүүн бөгөөд 1992 онд АНУ-ын Конгрессоос баталсан Тусгай хуульд онцгой харилцааг баталгаажуулжээ.  Ийм учраас Хятадын бараанд Трампын ногдуулсан татвар нь Хонконгт хамаарахгүй. Зөвхөн татвар ч биш хөрөнгө болон технологи шилжүүлэхтэй холбоотой бусад хязгаарлалт үйлчлэхгүй юм. 


Гэсэн хэдий ч Хонконг худалдааны дайны улмаас хохирол амссаар байна. Хонконгоор дамждаг мөнгөний урсгал татарсаар. Барууны компаниуд бизнесээ Хятадаас өөр улсууд руу шилжүүлсээр. Хэрвээ хүн ам хамгийн шигүү суурьшсан дэлхийн хотуудын нэгнийх нь гудамжаар Хятадын танкууд хөлхөлдөх аваас Хонконг нь АНУ-тай хийж худалдааны дайны 2 дугаар фронт болон хувирч магадгүй. 


Хонконгт олгосон худалдаа, эдийн засгийн бүхий л давуу эрхүүдийг цуцлах тухай хуулийн төсөл  Конгресст аль хэдийнэ оччихоод байгаа. Хэрвээ Хонконгт эрх чөлөөг нухчин дарах аваас уг хууль батлагдах магадлал эрс өснө. Түүнээс гадна, Трамп өмнө нь ногдуулсан татвараа бууруулах боломжгүй болно.  Энэ бол дэлхийн эдийн засгийн хувьд муу мэдээ юм. Худалдааны сөргөлдөөн дэлхийн эдийн засгийг бусниулаад эхэлсэн бол цаашид даамжрах тусам баялгийг арвижуулах, ядуурлыг бууруулах боломжийг хязгаарлах болно. 


Хятад улс Хонконггүйгээр амьдарч чадах уу?


Дайнгүйгээр ч гэсэн одоо Хонконгт нөхцөл байдал хэцүү байна. Урьд нь дэлхийн чингэлгийн тээврийн хамгийн том боомт байсан энэ хот Хятад улс ДХБ-д элссэний дараа Шанхайд байр сууриа алдсан бол одоо бүр 7 дугаар байр руу ухарчээ. Хятадын эдийн засаг өссөөр түүнд эзлэх Хонконгийн хувь хэмжээ багассаар. 1990 оны сүүлчээр нэгдэх үед уг хэмжээ Хятадын ДНБ-ний ¼-тэй тэнцэж байсан бол одоо 3 орчим хувь болж буурчээ.


Эрх чөлөөг нь хязгаарлаж буйд дургүйцсэн Хонконгийн иргэд байнга эсэргүүцлээ илэрхийлсээр. Эсэргүүцлийн ажиллагаанууд нь жуулчид болон үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдыг айлгаж байгаагийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал муудсаар. Эрх баригчдын шахалтанд орсон компаниуд ажилтнуудынхаа улс төрийн идэвхийг хязгаарлах гэж оролдсон нь ажил хаялт, ажлаасаа халагдахад хүргэж байна. 


Хонконгийн өгөөж багасч, Хонконгоос болж толгойн өвчин нэмэгдэхийн сацуу АНУ-тай харилцаа муудаад байгаа энэ үеийг далимдуулаад Хятад улс асуудлыг нэгмөсөн шийдэх болов уу?


Хэрвээ ингэвэл олон улсын гэрээг зөрчихөд хүрнэ. Хонконгийг шилжүүлэн өгөх явцад Хятад улс хагас зуун жилийн хугацаанд Хонконгийн чөлөөт байдлыг бүхэлд нь хэвээр нь хадгалах үүрэг хүлээсэн юм. Түүнээс хойш 20 жил өнгөрсний дараа ч дээрх хугацааг наашлуулах талаар Бээжин ганц ч удаа дурсаж байгаагүй. ХКН-ын хамгийн сүүлд болсон их хурлын үеэр Ши Жинпинь “нэг улс-хоёр систем” зарчмыг сайшаасан явдлыг 2047 оноос хойш ч гэсэн автономит эрхийг хадгалахад бэлэн байгаагийн шинж тэмдэг гэж ойлгосон хүн олон байна.


“Хонконг хөрөнгийг дамжуулах санхүүгийн төвийн үүрэг гүйцэтгэж байгаа нь Хятадын эдийн засагт амин чухал. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд Хятад улс хөрөнгө капиталыг татсаар ирсэн. Харин цаашдын 20 жилд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Одоо Хятадад хөрөнгө хангалттай хуримтлагдсан бөгөөд түүнийгээ богино хугацаанд, найдвартайгаар байршуулах нь чухал асуудал болсон” гэж Хонконгийн биржийн захирал Чарльз Ли дүгнэн хэллээ.


Дэлхийн хамгийн том 5 биржийн нэг болох Хонконгийн бирж нь Шанхайд биржид байр сууриа алгуур алдсаар байгаа боловч Хятадын компаниудын хувьд гадаадын хөрөнгийг татах гол газар хэвээр байна.


Өнгөрсөн онд гэхэд Хятадын компаниуд Хонконгийн биржэд 35 тэрбум долларын хувьцаа арилжсан нь эх газрын Хятадын биржүүдэд хийсэн арилжааны дүнтэй харьцуулахад 1,5 дахин их тоо юм. Алибаба компани гэхэд 5 жилийн өмнө олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгохдоо Нью-Йоркийн биржийг сонгож байсан бол одоо хоёрдагч зах зээлийн арилжаагаар 20 тэрбум долларын хувьцаагаа худалдахдаа Шанхайн биржийг бус харин Хонконгийг сонгожээ.  


Коммунист дэглэмтэй улсад барууны санхүүгийн төв ажиллах нь ашигтай байх нь. Зохицуулалт ба шүүхийн тогтолцоо сайтай учраас эрсдэл бага бөгөөд хямд өртгөөр их хэмжээний мөнгө татах боломжтой. Үүний сацуу хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд хялбархнаар олж, тэднийг итгүүлэн үнэмшүүлж чадах дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн хүмүүс олон бий.


Түүнчлэн Хонконгийн биржид маш тодорхой дүрэм журмын дагуу хувьцаагаа хялбархнаар бүртгүүлэн байршуулах боломжтой бол эх газарт эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Бээжингийн зүгээс хязгаарлалтуудаа зөөлрүүлсээр байгаа боловч либералчлалд хүрэхэд хол байна. 


Хамгийн гол нь, Хонконгоор дамжуулан Хятадын компанид оруулсан хөрөнгийг хэзээ ч буцаагаад татах боломжтой. Учир нь, хонконг доллар бол чөлөөтэй хөрвөх валют бөгөөд ханшийг нь америк долларынхтой харьцуулан тогтоож “уясан” байдаг. Харин юанийн ханшийг Хятадын эрх баригчдын барихаас гадна эх газраас хөрөнгө гадагшлуулахыг маш хатуу хянадаг. Энэ нь юань олон улсын төлбөр тооцооны валют болоход саад учруулж байгаа юм. Хятад улс түншүүдтэйгээ хоёр талын гэрээ хэлцэл хийхдээ юаниар төлбөр тооцоо хийх нь түгээмэл болж байгаа хэдий юанийг чөлөөтэйгээр гүйлгээнд оруулахын тулд санхүүгийн иж бүрэн хэрэгсэл бүхий зах зээл хэрэгтэй. Үүнд Хонконг төгс тохирч байгаа гэдгийг Чарльз Ли дурдлаа.    


Зах зээл бүрэлдэн тогтох, юань чөлөөтэй хөрвөдөг валют болох нь урт хугацаанд үргэлжлэх үйл явц юм. Хонконггүйгээр эл хугацаа улам сунжрах ба АНУ-ыг гүйцэж түрүүлж, юанийг дэлхийн нөөцийн валют болох доллартой өрсөлдүүлэх гэсэн Бээжингийн мөрөөдөл биелэх хугацаа улам хойшлох болно.


Б.Адъяахүү=

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-49467038

 

 

Холбоотой мэдээ