Саудын Арабад гарсан халдлагын цаана Иран байсан гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-24 10:48:23

НЬЮ-ЙОРК. /TASS/. Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан халдлагын цаана Иран байсан гэдэг нь илэрхий юм гэж Их Британи, Франц, Герман улс гэж үзэж байна. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нарын хийсэн уулзалтын дүнд Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тараасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Франц, Герман, Их Британийн удирдагчид бид аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхлоо эргэн санаж байна. Халдлагын хариуцлагыг Иран хүлээнэ гэдэг нь тодорхой байна. Өөр үнэнд тохирох тайлбар алга. Бүх нарийн тодорхой зүйлийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг бид дэмжиж байна. Халдлага Саудын Арабын эсрэг чиглэсэн хэдий ч энэ бол бүх улс орныг хөндсөн асуудал бөгөөд томоохон мөргөлдөөн үүсэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Эдгээр халдлага нь Йемен дэх сөргөлдөөнийг улс төрийн замаар шийдвэрлэх зэргээр бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад хамтын хүчин чармайлт тавих шаардлагатайг бидэнд сануулж байна" хэмээн албан ёсны мэдээнд дурдсан байна. 


 “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд биелүүлэх үүрэг хариуцлагаа багасгах тухай шийдвэрээ эргэн харж, үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг бид Иран улсад дахин тууштай уриалж байна. Түүнчлэн Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ-тэй хамтран ажиллахыг бид Иранд уриалж байна” хэмээн Б.Жонсон, Э.Макрон, А.Меркель нар онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ