Галт зэвсгийн тооллого болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого энэ сарын 20-ноос эхэллээ.
Уг тооллого 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд болно. Иргэд эзэмшил, өмчлөлдөө байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг ЦЕГ-аас сануулж байна.
Өмнөх 3 жилийн тооллогоос харахад, иргэд галт зэвсгээ хуулийн дагуу бүртгүүлэх нь сайжирчээ. 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчийн 70.6 хувь, 2017 онд 78.1 хувь, 2018 онд 94.7 хувь тооллогод оролцсон байна.
Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн анхааруулав.