"Өсвөрийн аврагч-2019" тэмцээнд Булган сумын “Аврагч” баг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-26 10:36:54

Ховд /МОНЦАМЭ/. "Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ны өдөр боллоо.

Өсвөр үеийнхэнд гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад эрүүл мэндийн анхны тусламж  үзүүлэх  мэдлэг,  ур чадварыг эзэмшүүлэх замаар  тэднийг хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү тэмцээний зорилго чиглэж байв.

"Өсвөрийн аврагч-2019" аймгийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Онцгой байдал, Боловсрол, соёл, урлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн ИТХ-ын ГХУССЗ хамтран ажиллалаа. 

Тэмцээн жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэг гэсэн дөрвөн үе шаттай үргэлжилсэн юм.

Үүнд, Ховд аймгийн  ерөнхий боловсролын 20 сургуулийн Өсвөрийн аврагч бүлгийн 200 орчим сурагч оролцож, шилдгүүдээ тодруулав. 

Тэмцээний тэргүүн байрт И.Саддамба ахлагчтай Булган сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн “Аврагч” бүлэг  шалгарч,  аймаг  орон нутгаа төлөөлөн бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. 

Харин тэмцээний дэд байрт М.Хосбуян ахлагчтай Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн “Шонхор”,  гуравдугаар байрт С.Батбаатар ахлагчтай Манхан сумын сургуулийн “Долоон бурхан”,  тусгай  байрт Жаргалант сумын Прогресс сургуулийн “Прогресс” өсвөрийн аврагч бүлэг  тус  тус шалгарч шагналаа гардан авав.

Өсвөрийн аврагч тэмцээнийг  2013, 2014 онд зөвхөн Жаргалант сумын хэмжээнд зохион байгуулж байсан. Тэгвэл 2015 оноос эхлэн  аймгийн аварга шалгаруулах  тэмцээн  болгон өргөтгөсөн аж. Ингэснээр жил бүр оролцогчдын тоо, тэмцээний  чанар дээшилж байна гэж албаныхан хэллээ.  

Холбоотой мэдээ