Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөгөөг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-26 16:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө дуусаж, 29 хувийн биелэлттэйгээр дүгнээд байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 27-р хуралдаан дээр танилцууллаа. Биелэлтийн хувь ийнхүү тааруу байгааг төлөвлөлт муу, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байна.

Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиглэл (концепц)”-ыг дэмжих талаар мөн танилцуулсан юм. Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл тогтвортой, цогц, хүртээмжтэй ухаалаг, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хөгжлийн үзэл баримтлалаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урт, дунд, богино хугацаанд, үе шаттай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох хэмээн алсын хараагаа тодорхойлсон гэдгийг Хотын Захирагч онцолж хэлэв.


Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг байгуулж, ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж төвлөрлийг сааруулахаар тооцжээ



Нийслэл хот 2020 оны байдлаар сорилтууд тулгарсан. 2040 онд амьдралын таатай орчин бүрдсэн хот болон хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Улаанбаатар хот 2040 онд 532 мянган га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, ХАА төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгажээ. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулахаар тооцсон байна.

Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх юм.

Хөгжлийн зургаан стартеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 ажлыг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегид:

  • Байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот,
  • Суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот,
  • Амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот,
  • Нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот,
  • Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот,
  • Даяарчлалын эрин үетэй хөл зэрэгцэн хөгжих идэвхтэй хот байх хэмээн тусгажээ.  
Холбоотой мэдээ