"Дуутай хуруу" тэмцээнд Баян-Овоо сумын баг түрүүллээ

Фото
munkhzul@montsame.mn
2019-09-28 15:12:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ой, “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, “Өв урлал” төвөөс "Дуутай хуруу" тэмцээнийг зохион явууллаа.
Соёлын биет бус өвийг сурталчлах, ахмад буурлуудаас суралцах, хүүхэд залуучуудад өвлүүлэх зорилго бүхий тэмцээн энэ сарын 26-нд Баянхонгор аймгийн Баганат талбайд, Жуулчны гэр мэдээллийн төвд болсон байна. Баянхонгор сум, Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Өлзийт зэрэг сумаас 50 гаруй иргэн оролцсоноос багийн дүнгээр Баян-Овоо сумын “Нарийн гол” баг түрүүлж, Эрдэнэцогт сумын “Өвгөнжаргалант” баг, “Оргих булаг” баг удаалжээ. Харин ганцаарчилсан төрлөөр тэргүүн байрт Д.Найдандорж /Эрдэнэцогт сум/, удаах байрт Д.Амарбаяр /Галуут сум/, гутгаар байрт Ж.Амарбаяр/Баян-Овоо сум/ нар шалгарсан байна. 
Эрдэнэцогт, Баян-Овоо сумын ард иргэдийн дунд үе дамжин уламжлагдаж ирсэн “Дуутай хуруу” хэмээх уламжлалт наадгай нь сэтгэн бодох, гүйлгээ ухаан сайжруулах, сонсох мэдрэхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод хэллэг, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг зэрэг олон онцлог давуу талтай. Дуутай хуруугаар наадахдаа нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг байна. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдаг дайчин чанарын мэтгэлцээний тоглоом аж.

Ташрамд, Ирэх сард "Дуутай хуруу"-ны холбоо, Баянхонгорт байгуулах бөгөөд эрт дээр үеэс уламжлан ирсэн соёлын биет бус өвийг хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.