УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-28 18:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн “Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн-худалдааг нээж, Өлзийт сумын ахмадын баярт оролцлоо. Мөн Баянхонгор сумын Шаргалжуут багийн иргэдтэй уулзлаа.

УИХ-ын дарга хөдөөгийн иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын үйл ажиллагаа болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулга болон бусад цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтуудын үеэр иргэд хот тосгоны эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, байгалийн баялгийг ашиглахдаа ард нийтээсээ асуудаг байх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зохицуулалт оруулж байгааг илүүтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.


Баянхонгор аймаг энэ оныг “ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэхээр зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн-худалдаанд тус аймгийн 19 сумын 85 иргэн, аж ахуйн нэгж оролцов. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд төмс, хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 57 орчим сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж, 30 өрхөд газар олгож, гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгааг аймгийн Засаг дарга хэллээ.


Мөн 30 өрхийг жимс, жимсгэнэ тариалах хөтөлбөрт хамруулж, “Баян-Өндөр Эрчим хүч” компанитай хамтран Бумбатын чиглэлд тариалан эрхлэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрөөс хүнс, ХАА-н салбарт баримтлах бодлогоо шинэчилсний дүнд дотоодын төмс, хүнсний ногоо, улаан буудайн хэрэгцээгээ бүрэн хангаж чадах хэмжээнд хүрсэн”-ийг дуулгаад, “Энэ бол Та бүхний хүч хөдөлмөрийн үр шим юм. Төрөөс цаашид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлага байна.


Хүн амын эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахад эрүүл хүнсээр ард иргэдээ хангах явдал хамгийн чухалд тооцогдож байна. Ийм учраас тариаланчдаа дэмжих бодлогыг шат шатандаа анхаарах ёстой. Төрөөс татварын хөнгөлөлт, техник тоног төхөөрөмжөөр хангахад тууштай дэмжлэг үзүүлнэ. Хүнс эрүүл бол хүн эрүүл. Тиймээс иргэд ч дотооддоо тарьж ургуулсан эрүүл хүнсийг хэрэглэж байхыг уриалж байна” гээд нийт тариаланч, үйлдвэрлэл эрхлэгчдэд ургацын баярын болон олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлэв.

Намрын ногоон өдрүүд-2019” үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн сумдаас гадна Төв, Дархан-Уул, Завхан аймгаас өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гар урлал, модон урлал, эмийн ургамал, эсгий урлал, бэлэг дурсгал, хувцас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дэлгэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ