Түргэн сум шинэ сургуультай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-02 20:38:32

Увс /МОНЦАМЭ/. Түргэн суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгыг улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн "Арвижих-Увс " компани барьж ашиглалтад орууллаа.

Уг барилгыг 9-р сарын 30-ны өдөр улсын комисс ашиглалтад хүлээж авчээ. Шинэ сургууль нь давхар бүртээ ариун цэврийн өрөөтэй, урлаг, спортын заалтай, гадна талдаа сагсны талбайтай байна.

Түргэн сумын дунд сургууль энэ зун түүхт 80 жилийнхээ ойн баярыг хийсэн бөгөөд хол ойроос үе үеийн төгсөгчид нь хүрэлцэн ирж өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тус сургууль нь 1969 онд Монгол Улсын хамгийн анхны “Тэргүүний бага сургууль” болж байжээ.

Шинэ сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Арвижих-Увс" компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургуулийн дэргэд халуун усны барилгыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна. 

Холбоотой мэдээ