“Карго-ленд” ХХК цэцэрлэгийн барилгыг дутуу хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-01 17:39:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг буюу Дулаанхаан тосгонд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга энэ оны 4 дүгээр сарын 11-нд ашиглалтад оржээ.

Тус цэцэрлэгийн барилгыг барихад улсын төсвөөс 2012 онд 750 сая, 2018 онд 584 сая, нийт нэг тэрбум 334 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус барилгыг барихад “Карго-ленд” ХХК гүйцэтгэгчээр нь ажилласан бөгөөд үүрэг даалгаврын биелэлттэйгээр улсын комисс тухайн үед хүлээн авчээ.  

Гэвч өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Карго-ленд” ХХК дутуу үлдээсэн ажлаа хийж дуусгаагүйн улмаас цэцэрлэгийн хүүхдүүд аюулгүй, эрүүл орчинд сурч хүмүүжиж чадахгүйд хүрчээ. Тодруулбал одоогийн байдлаар гадаа бохирын цооног дутуу баригдаж цөмөрсөн, гадна талбайн тохижилт хүүхдийн  талбай, сүүдрэвч зэргийг хийгээгүй аж. Мөн дотор ангиудын паркетан шал ховхорсон, овоож зай завсартай болжээ. Тус компани өвөл барилгын ажил гүйцэтгэхдээ халаалт дулаан ашигласны 15 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүйн улмаас цэцэрлэг халаалтаа авч чадахгүйд хүрсэн аж. Иймээс хүйтэнд хүүхдүүд ханиад томуу хүрэх хүнд нөхцөл үүсч, үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа гэнэ. Энэ байдалд Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл эмзэглэж компанийн хамт олон эргэн харж, дутуу ажлаа гүйцээхийг хүсэж байна. 


Холбоотой мэдээ