Монголд хөрөнгө оруулагчдын чуулган Шанхайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-02 13:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Invest in Mongolia, Shanghai-2019” хөрөнгө оруулалтын чуулган БНХАУ-ын Шанхай хотноо энэ оны 11-р сарын 7-10-нд болох гэж байна.

Монголын талаас Үндэсний хөгжлийн газар БНХАУ-ын Шанхай хотын Захиргаа болон Монгол Улс дахь Монгол Шанхайн бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах энэхүү чуулган нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болох аж. “Ойн хүрээнд энэ жилийг хоёр орны төр, засгаас онцгой анхааран бизнес, эдийн засаг, соёл урлагийн тодорхой үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна” гэж Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ.

Монголд хөрөнгө оруулагчдын Шанхайн чуулганд БНХАУ-ын талтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага, ААН-үүдийг оролцохыг урьж, есдүгээр сарын 30-ны дотор Үндэсний хөгжлийн газарт бүртгүүлэхийг мэдээлж байна.

Дээрх чуулганд БНХАУ-ын талаас оролцох компани, ААН-үүд нь Bank of China-гийн гадаад улс орон руу хөрөнгө оруулалт хийх шаардлагыг хангасан компаниуд байх тул Монгол Улсаас оролцох компаниуд хөрөнгө оруулалт татах шаардлагатай тодорхой төсөлтэй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ