БНСУ-ын Үндэсний баярын өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-03 15:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.


Солонгосын домогт Тэнгэрийн хаан Хуан Инийн ач хүү Тан Гүн манай эриний өмнөх 2333 онд Жусон улсыг байгуулсан хэмээн өгүүлдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жун Гван Шиг хэллээ.


Тэрбээр, “Монгол, БНСУ бол угсаа гарал, хэл соёл, түүхийн олон ижил шинжтэй, чөлөөт ардчилал, зах зээлийн эдийн засаг хэмээх нийтлэг үнэт зүйлтэй. Энэхүү онцгой холбоонд суурилан хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг нийгмийн бүхий л харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. БНСУ бол Монголын гадаад худалдааны томоохон түнш. 2018 онд хоёр улсын нийт худалдаа 335 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 470 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс нь БНСУ болон БНАСАУ-тай найрсаг харилцаатай бөгөөд Солонгосын хойг, Зүүн хойд Азид энх тайвныг цогцлооход идэвхтэй ажиллаж, хувь нэмрээ оруулж ирсэн. Гэхдээ хоёр улсын харилцааны гол тулгуур бол өдрөөс өдөрт хөгжиж буй иргэд солилцоо юм. 2014 онд хоёр улсын хооронд 100 мянган хүн харилцан зорчсон бол 2018 онд даруй хоёр дахин нэмэгдсэн. Цаашид хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө бид бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно” хэмээв.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, “Өнгөрсөн онд хоёр орны Ерөнхий сайд нар харилцан айлчилж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахаар тохирсон. БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа. Өнгөрсөн онд БНСУ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулж 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон нь хоёр орны хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж байна. Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүсийг олон улсын энх тайвны бүс болгох санаачилгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин НҮБ-ын индрээс танилцуулсан. Үүнийг Монгол Улс дэмжиж буйгаа тэмдэглэхэд таатай байна. Солонгосын хойгт энх тайвныг тогтоохын төлөө Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллах болно” хэмээв.


Хүлээн авалтад УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, төрийн болон ТББ-уудын удирдлагууд, Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ