Улаан буудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-12 11:39:41

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо.

Улаанбуудайн урамшууллын хэмжээг Засгийн газрын “Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2012 оны 77, “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай” 2013 оны 366 дугаар тогтоолоор зохицуулж байна. Энэ тогтоолоор хүнсний улаан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны ургац хураалтын дүнгээр улсад болон гурилын 34 үйлдвэрт нийлүүлсэн 14 аймгийн 608 аж ахуйн нэгж, иргэний 111.6 мянган тонн буудайн урамшуулалд 7.8 тэрбум төгрөг олгох шаардлагатай болж байна. Гэвч 2016 оны төсөвт улаан буудайн мөнгөн урамшуулалд зориулан 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд баталсан төсөвт багтаан улс, гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн улаан буудайн хэмжээнд тооцож үзвэл тонн тутамд 50 мянган төгрөг олгохоор байна.

2015 онд улсын хэмжээгээр 389.6 мянган га талбайд үр тариа, үүнээс 361.5 мянган га талбайд улаан буудай тариалсан ч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас ургац алдаж, 281.1 мянган га талбайгаас 215.7 мянган тонн үр тариа үүнээс 262.6 мянган га талбайгаас 203.9 мянган тонн улаан буудай хураан авсан байна. Ургац хураалтын дүнгээр нэг га талбай тутмаас дунджаар 7.8 цн ургац авсан нь 2014 оны их ургацын жилтэй харьцуулахад 8.8 цн-ээр бага, нийт хураан авсан ургацаар нь тооцоход жилийн хэрэгцээт улаанбуудайн 48 хувийг дотоодын ургацаас хангасан үзүүлэлт юм.

Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Манай улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ 2015 оны 5 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит 22 дугаар хуралдаанаар амжилттай хэлэлцүүлж хамгаалсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч 64 улс нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх 2011 оны анхны төлөвлөгөө нь зөвлөмжүүдийг багцлаад хариуцах байгууллагыг тодорхойлсон хэлбэртэй байсан бол энэ удаагийн төлөвлөгөөнд 150 зөвлөмжийг агуулгаар нь 12 бүлэгт багцалж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгах зарчим баримталсан байна. Ингэснээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл тодорхой болж, хэрэгжилтийг үнэлэх боломж бүрдэх бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналт сайжрах юм. Мөн тус төлөвлөгөөнд үндэслэн холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тусгажээ.

ТОВЧ МЭДЭЭ

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

- Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлэх зөвлөмжийг дэмжлээ.

- Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа. Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан нэмж шаардагдах зардлыг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулиар батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дагуу уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ